Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ. “Номын баяр” “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
“Номын баяр”-т монголын зохиолчдоос гадна гадаадын алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор монголын уншигчид зохиолчидтой биечлэн уулзах сайхан боломж тохиох болсон билээ. Энэхүү баяр нь зөвхөн ном худалдах биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр 60 гаруй шинэ оролцогчид нэмэгдэх аж. “Номын баяр”-ыг дунджаар 250 мянган хүн зорин ирдэг байна. Энэ өдрүүдэд “Шилдэг уншигч-анги, хамт олон”, “Шилдэг сурагч хүүхэд”, “Шилдэг ном”, Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг номын сан”-д олгодог нэрэмжит шагналаа УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулах юм.