Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалттай Ерөнхийлэгч У.Хүрэлсүх танилцлаа. Тус төлийн ажлын явц 56 хувьтай байгаа бөгөөд ирэх онд бүрэн дуусаж, туршилт, тохируулгын ажил эхэлнэ. Үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Ингэснээр нийслэлийн ус хангамж 50 гаруй хувиар нэмэгдэнэ.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.БУАНГАН “Хоёр орон, ард түмний найрамдлын түншлэлийн илэрхийлэл болсон энэ төсөл Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийгмийн хамгийн том баримжаат төслүүдийн нэг. Энэ бол монголчуудын ахуй амьдралыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг АНУ дэмждэгийн нотолгоо юм” хэмээн ярилаа.
2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпео нар Мянганы сорилтын II Компакт гэрээг батлан Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан. Энэ дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорац 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Монгол Улсын Засгийн газар 111.7 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.
Талууд “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах”, “Усны салбарын тогтвортой байдлыг хангах” гурван төслийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний дотор багтаан бүрэн хэрэгжүүлж дуусах юм. Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр барьж, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулан, үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах дэвшилтэт технологи бүхий лаборатори байгуулна.
Тухайлбал Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж Дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ. Ингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх бөгөөд цаашид саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломж бүрдэх юм.