Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууц жуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцын зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хүн амын орон сууцын тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941.5 мянган өрхийн 32.1 хувь нь буюу 302.2 мянга нь орон сууцад амьдардаг. Харин 29.7 хувь буюу 279.6 мянга нь байшин хороолол, 38.2 хувь буюу 359.6 мянга нь гэр сууцад аж төрж байна. Улаанбаатарын 50.1 хувь буюу 216.9 мянган өрх гэр хорооллын бүсэд амьдарч буй.
Үндэсний орон сууц жуулалтын тухай хуулийн төсөл нь төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас бий болгож буй орон сууцын нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хадгалах, үр өгөөжтэй ашиглах, зорилтот бүлгийн иргэдийг хүртээмжтэй хамруулах тогтолцоог бий болгох зорилготой. 2013 оноос Монгол банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн орон сууцын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх, Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээнд нийцүүлэн цаашид тогтвортойгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд чиглэжээ.
Бэлтгэсэн У.Наран