Эрчим хүч хэрэглэгчийн тоо сүүлийн хоёр жилд эрс өссөнийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээлэв. 2017-2021 онд цахилгаан хэрэглэгчийн тоо жилд дунджаар 2.1-5.2 хувиар өссөн бол 2022 онд өнгөрсөн жилийнхээс 11.8, 2023 онд 9.9 хувиар нэмэгджээ. 2023 оны эцэс гэхэд нийт 487 938 хэрэглэгч бүртгэлтэй байсан нь өмнөх жилийнхээс 20 442-оор нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Нийт хэрэглэгчийн 50 хувь нь орон сууц, 44 хувь нь гэр хорооллын өрх бол зургаан хувь нь аж ахуйн нэгж аж.
Өнгөрсөн өвөл эрчим хүчний системийн ачаалал 1.64 ГВт-д хүрч, чадлын дутагдалд орсон нь хэрэглэгчийн тоо өссөнтэй холбоотой гэдгийг дээрх байгууллагын мэргэжилтэн хэллээ. 2040 онд эрчим хүчний ачаалал 2020 оныхоос 2.3, хэрэглээ 2.6, суурилагдсан хүчин чадал 4.8 дахин нэмэгдэх тооцоолол бий гэнэ. Иймд ойрын хоёр жилд багтаан Үндэсний соёл, амралтын хүрээлэн орчимд болон Жаргалантын ам, Гачуурт, Тахилт, Толгойт, Хойд Яармаг, Хадат, Ар гүнт, Ботаник, Налайхад “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн эх үүсвэр, дэд станц яаралтай барих шаардлагатай гэв. Одоогоор дэд станц, хуваарилах байгууламжийн 26.2, 0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 39, кабель шугамын 43 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусаж, хуучирчээ. Эрчим хүчний шугам сүлжээ, тоноглолыг шинэчилж, сайжруулах ажлыг жил бүр хийдэг ч үүнд хуваарилдаг хөрөнгө санхүүжилт нь хангалтгүйгээс хүрэлцдэггүй, үр дүнтэй болдоггүй гэнэ.