Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2024 оны драфтын үйл ажиллагаа “UG аrena”-д болж, багууд 2023-2024 оны улиралд эзэлсэн байраараа драфтын сонголт хийснээр эрэгтэй тамирчдаас хэд нь дээд лигт элссэнийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл одоо эмэгтэйчүүдээс хэрхэн сонголт хийснийг хүргэе. Драфтын нэгдүгээр тойрогт 57 тамирчин нэрээ өгснөөс эхний дөрвөн багт нь МУИС-ийн тоглогчид сонгогдсон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа. Энэ удаа “Старс” багийнхан тус сургуулийн 22 настай, 178 см өндөр Н.Минжирмааг сонгосон. Тэрбээр өмнө нь 3х3 сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ багт тоглодог байв.
Хоёр дахь сонголт нь Б.Гэрэлмаа. 22 настай, 170 см өндөр, оюутны лигийн бэлгэдлийн шигшээд багтсан түүнийг “АОДЕ винкс”-ийнхэн эгнээндээ нэгтгэсэн юм. Гурав дахь нь М.Сэргэлэн. 22 настай, 167 см өндөр тэрбээр энэ жил оюутны лигийн финалын “Үнэ цэнтэй тоглогч” болсон амжилтаараа “Аравт”-ынхны нүдэнд өртөж, бүрэлдэхүүнд нь багтлаа. Дөрөв дэх нь 22 настай, 181 см өндөр Н.Номин-Эрдэнэ. Сагсан бөмбөгийн 3х3 залуучуудын шигшээ багийн тоглогч байсан тэрбээр авьяасаараа “Эй Сискорпионс”-ынхны анхаарлыг татсанаар босгоор нь бардам алхав. Тав дахь нь “Их засаг” их сургуулийн оюутан Т.Солонго. Энэ жил оюутны лигийн бэлгэдлийн багт нэрлэгдсэн, 22 настай, 170 см өндөр түүнийг “Улаанбаатар амазонс”-ынхон дээд лигийн ширүүхэн өрсөлдөөнд цучил нэмэх ирээдүйтэй тоглогч хэмээн үнэлэн эгнээндээ элсүүлж, хүч сэлбэхээр боллоо.
Сагсан бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Унгарын хоёр дахь том от болох Дебреценд 3х3 төрлийн олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 19-нд өндөрлөх эл тэмцээнд манайхан өрсөлдөж, Парисыг зорих, эсэхээ шийдэх юм. Эрэгтэйчүүдийн шигшээд өнгөрсөн жил тивийн тэмцээнд түрүүлсэн тамирчид багтсан бол эмэгтэйчүүдийн багт О.Хулан, Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, М.Булбул нар дуудагджээ.