Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллаж, нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Тэр бээр авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, гадаад улс руу оргон зайлсан этгээд болон гадаад руу хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр ажиллаж байгааг сайшаалаа.
Цаашид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, өөрсдөө бусдад худалдагдахын эсрэг байхыг онцгойлон захилаа.
Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд тохирох ял шийтгэлийг оногдуулж байх нь шударга ёсны зарчим гэж үздэгээ хэлэв.
Авлигатай бүх нийтээр хамтран тэмцэх, шударга бус үйлдлийн эсрэг иргэд шүгэл үлээх боломж бүрдүүлэх, авлигыг илчлэх хүсэлтэй иргэдээ төр нь хамгаалдаг тогтолцоо бий болгох нь чухал гэв.
Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын арга барилаа өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг хэллээ.
Цаашид хуулиа чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дээдлэн, шударгаар ажиллаж буй комиссаруудыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ.
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 10,600 гаруй эрүүгийн хэргийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хоёр их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 2021, 2022 онд гадаадын орнуудаас 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг буцаан авчирч, улсын орлого болгосон байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөтөлийн “Цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьчлал, олны дунд “Дубайн гэрээ, ”Нүүрсний”, “Ногоон автобусны” гэгдсэн, их наядаар тоологдох хохиролтой хэргүүдийг хууль сахиулах бусад байгууллагатай хамтран шийдвэрлэснийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцууллаа.
Тухайлбал Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалган 1,6 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулж, тус банкны 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иений өр хугацаандаа төлөгдөх нөхцөл бүрдүүлжээ.Авлигатай тэмцэх газар цаашид шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгох, хууль засагладаг зарчмыг хэвшүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц үйл ажиллагаатай байгууллага болох зорилт тавьсан байна.