35 дахь удаагийн үндэсний номын баярыг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 17-19-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэсэн ч нэг өдрөөр хойшлуулжээ. Уг баярыг гэнэт хойшлуулахаар болсон нь онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээтэй давхацсантай холбоотой гэнэ. Ийнхүү хойшлуулсанд баярт оролцохоор удаан хугацаанд бэлдсэн уран бүтээлчид болон зорин очихоор төлөвлөж байсан иргэд ихэд бухимдаж буй юм.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг номын баяраар энэ удаа 250 орчим асар барихаар төлөвлөжээ. Оролцох хүсэлтэй хүний тоо олон байсан тул асрынхаа тоог 50-иар нэмсэн байна. Гадаадын улс орноос ч зохиолчид зорин ирэхээр бүртгүүлсэн аж. Мөн гадаадаас утга зохиолын “Introtema”, “Andrew nurnberg associates” агентлаг оролцохоо илэрхийлжээ. Ингэснээр Монголын зохиолчид өөрсдийн бүтээлээ олон улсад худалдах боломж бүрдэнэ. Мөн зохиогчийн эрхийн гэрээ хэлэлцээр ч хийх боломжтой юм байна.
Түүнчлэн “Азтай савар” болон“Номын соёлт ертөнц” ТББ хамтран хүүхэд залуучуудын уншвал зохих амьтдын тухай 50 номын жагсаалтаа уг арга хэмжээний үеэр танилцуулах аж.
Бэлтгэсэн А.Үүл