Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний VII чуулган өчигдөр болж, 400 гаруй хүн оролцлоо. “Нээлттэй шинжлэх ухаан-Залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд энэ удаагийн чуулганыг зохион байгуулж, залуу судлаачдын дэлхийд өрсөлдөх боломж, шинжлэх ухааны хөгжил зэрэг агуулгын хүрээнд эрдэмтэд илтгэлээ танилцуулсан. “Залуу судлаачдын оролцоотойгоор нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлнэ. Нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох ньуг чуулганы зорилго. ЮНЕСКО-гийн нээлттэй шинжлэх ухааны талаар баримтлах зөвлөмжид үндэслэн цаашид залуу судлаачдыг хөгжүүлэхэд анхаарна” хэмээн зохион байгуулагчид онцолжээ. Судлаачдын гаргасан санал, зөвлөмжийг холбогдох хууль тогтоомжид тусгах гэнэ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан чуулганыг нээхдээ “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хуралд шилдгээр шалгарсан залуу судлаачдын грантыг 20 сая төгрөг болгосныг онцолсон. Мөн англи хэлээрх “Best paper awards”-ын шагналын санг 30 сая төгрөг болгосон аж. Ийнхүү шагналын санг нэмэгдүүлснээр оролцогчдын хүрээ тэлж, гадаадын судлаачид ч зорин ирэх болсон гэнэ.
Энэ үеэр салбарынхаа шилдгүүдийг шагнаж урамшуулсан байна. Тухайлбал, шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш, доктор, дэд профессор Д.Батсүрэн, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш, доктор, дэд профессор Т.Батгэрэл нарыг шагнажээ.
Бэлтгэсэн А.Үүлэн