-Хоёрхон км зам тавихад таван жил зарцуулах гэж үү-
Хууль зүй, дотоод хэргийн яамны барилгын ажлыг 2019 онд эхлүүлжээ. Тухайн оны улсын төсөвт “Хууль зүй, дотоод хэргийн салбарын нэгдсэн конторын барилга” нэртэйгээр 4.27 тэрбум төгрөг тусгаж, тэр жилдээ багтаан барьж дуусгахаар төлөвлөсөн байв. Үнэхээр ч тун удалгүй, олон нийтийг анзаараа ч үгүй байхад л Улсын комисс хүлээн авч, улмаар цар тахлын үеэр тус яамныхан шинэ байр луугаа нүүж, төвхнөсөн билээ. Гэвч үүнтэй адил хугацаанд буюу 2019 онд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд эхлүүлсэн сургуулийн барилгыг одоо хүртэл барьж дуусаагүй. Тус сургуулийн төсөв анх 3.7 тэрбум байж. Гэсэн ч барих ажлыг таван жил гаруй хойш татсантай холбоотойгоор төсөвт өртөг нь дөрвөн тэрбумыг давж нэмэгдэв. Дарга нарын тухлах, орд харш мэт байшинг “нүд ирмэхийн зуурт” барьчихдаг, хүүхдүүдийн хичээлийн танхимыг харин хэдэн жилээр “мартчихдаг” улсад бид амьдарч байна.
118 ТӨСЛИЙГ ТАВААС ДЭЭШ ЖИЛЭЭР ЦАРЦААВ
Дээр дурдсан сургууль шиг олон он дамнуулан царцаасан төсөл улсын хэмжээнд 118 байна. Тодруулбал, таваас дээш жил үргэлжлүүлж буй ч өдий хүртэл дуусгаагүй ийм тооны төсөл, арга хэмжээг энэ оны улсын төсөвт тусгажээ. Үүний ихэнх буюу 100-г нь 2018-2019 онд эхлүүлсэн байх юм. Үлдсэн 18-ынх нь тухайд 10 болон түүнээс дээш жил сунжирч буй аж. Тэдний дунд 15 жилийн “настай” хоёр ч төсөл байгаа нь анхаарал татав.
Эдгээр нь 2010 оноос өдий хүртэл үргэлжилсээр байгаа, Баянзүрх, Налайх дүүрэгт спорт цогцолбор барих ажил юм. Баянзүрх дүүргийн цогцолборыг анх 2.5, Налайхынхыг нь 1.8 тэрбум төгрөгөөр барихаар төсөвт тусгасан байна. Гэсэн ч өнгөрсөн 15 жилийн хугацаанд барилгын материалын үнэ, ажиллах хүчний зардал зэрэг нь нэмэгдсэнээс болж дээрх хоёр төслийн төсөвт өртөг 6-8 дахин өсөж, өдгөө 13-15 тэрбум төгрөгт хүрчээ.
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ҮЛ ХАЙХАРЧЭЭ
Ер нь эрх баригчид ямар төсөлд ялгавартай хандаж, “шүлс” шиг төсвийг олон жилээр хувааж “амсуулдаг” вэ. Энэ талаас нь харвал, ерөөсөө л боловсролын салбарын төслүүд буюу сургууль, цэцэрлэг, дотуур байр барих ажлыг л урагшлуулах сонирхолгүй байдаг аж. Тодруулбал, тав болон түүнээс олон жилээр царцаасан хоёр төсөл тутмын нэг нь энэ салбарынх байна.
Манай улсад, ялангуяа Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тун тааруу. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамныхан сүүлийн гурван жилд “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна”, “Ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдгийг халлаа” гэх мэтээр өөрсдийгөө хангалттай сурталчиллаа. Гэтэл үнэндээ тэд боловсролын салбарыг, хүүхдүүдийг үл хайхарч, 2018-2019 онд эхлүүлсэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг өдий хүртэл дуусгаагүй байна. Таваас дээш жил үргэлжлүүлэн барьж буй гэх сургууль, цэцэрлэг улсын хэмжээнд 50 гаруй бий.
Тэр байтугай нэг сургуулийн барилгыг есөн жил үргэлжлүүлэн барьж, өнгөрсөн онд арайхийн дуусгасан жишээг энд дурдъя. Баянхонгор аймгийн төвд 960 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлыг 2012 оны улсын төсөвт тусгажээ. Тухайн ондоо шав тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн аж. Гэвч сургуулийн барилгыг есөн жил царцааж, тэр хугацаандаа улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад нэрийн төдий оруулж, “амсуулах” хэмжээний л мөнгө хуваарилж ирсэн байна. Уг нь сургуулийн барилгын төсөвт өртөг анх 3.2 тэрбум төгрөг байж. Энэ нь өнгөрсөн хугацаанд нэмэгдсээр 2023 онд 5.4 тэрбумд хүрч, анхны тооцооллоос нь 1.7 дахин өссөн байгаа юм. Барилгын ажил удааширсны улмаас эхний шатны хөрөнгө оруулалтын үнэ цэн алдагдаж, тэр хэрээр элэгдэл хорогдол ч үүсэж, түүнийг нь нөхөх шаардлага тулгарсны улмаас төсөв нь ийн нэмэгдсэн гэнэ.
Тэгвэл дээрхтэй адил багтаамжтай буюу 960 хүүхдийн сургуулийг хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр маш хурдан барьсан жишээ байна. Тодруулбал, МАК компани цар тахлын үед буюу бүх салбар хязгаарлалтын дэглэмд шилжсэн хоёр жилийн хугацаанд 960 хүүхдийн багтаамжтай сургууль бариулаад, ашиглалтад оруулж чадсан шүү дээ. Гэтэл улсын төсвөөр хэрэгжүүлэх төслүүд оноос он дамжин удааширч, тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгө урссаар байна.
Иргэд яах гэж татвар төлдөг вэ. Бидний төлсөн мөнгө төсөвт төвлөрч, бүтээн байгуулалтад зарцуулж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх ажлыг санхүүжүүлэх ёстой. Цаашлаад улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах замаар нийгэм, эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулаасай гэсэн үүднээс л иргэд үг дуугүй татвар төлсөөр байгаа. Гэтэл эрх баригчид татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж гамнахын оронд үрэлгэн хандаад буйг Баянхонгор аймгийн төвд барьсан сургуулийн жишээ нотолно. Тус сургуулийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахгүй, олон жилээр гацаах замаар татвар төлөгчдөөс нэмээд 2.2 тэрбум төгрөг авчихсан байна шүү дээ.
ДУУСГАЖ ЯДАХААРГҮЙ АЖЛУУД ЮМ БИШ ҮҮ
Эрүүл мэндийн салбарын 10 төсөл тав болон түүнээс олон жилээр үргэлжилж байна. Бас замын 10, спорт, нийтийн биеийн тамирын 14 гэх мэтээр иргэдийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой барилгуудыг эрх баригчид голчлон царцаажээ. Гэвч эдгээр ажил нь дуусгах гэж ядахааргүй, бас төсвийг нь хэдэн жилээр хувааж зовоогоод байхааргүй л санагдана. Жишээ нь, Хувьсгалчдын гудамжны 0.9, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвийн хоёр км авто зам тавих ажил тус бүр тав дахь жилдээ үргэлжилж байна. 200 бус, хоёрхон км зам тавих гэж ийм хугацаа зарцуулах гэж үү.
Эрүүл мэндийн салбарын тухайд 36 ортой Сэргээн засах төвийг Хан-Уул дүүрэгт барих ажлыг 2018 оноос эхлүүлсэн ч өдий хүртэл дуусаагүй. Ахмад настан, хүүхдүүдийг ялгаварласан бас нэг ажил ч бий. Тэр нь Баянзүрх дүүрэгт ахмадуудын болон хүүхдийн эмнэлэг барих төсөл. Эл ажил өдгөө тав дахь хавартайгаа золгож байна. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд өрхийн эмнэлгийн өргөтгөл барих ажлыг 2019 онд эхлүүлсэн ч дуусаагүй. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хотгор багт 20 ортой эмнэлэг барьж чадалгүй зургаан жил гацаасан гэх мэтээр дурдаад байвал арай ч дээ гэж халагламаар жишээ олон бий.
ТӨСЛИЙН ТОО НЭМЭГДСЭН Ч ЧАНАР НЬ САЙЖИРСАНГҮЙ
Уг нь улсын төсвөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тоо жилээс жилд нэмэгдэж иржээ. Тухайлбал, 2017 онд 373-ыг хэрэгжүүлэхээр баталж. Эл дүн энэ онд 3.5 дахин нэмэгдэж, 1299-д хүрээд байгаа. Тэдгээрийн дийлэнх буюу 70 гаруй хувь нь барилга байгууламж. Мэдээж төсөл, арга хэмжээний тоо нэмэгдэхийн хэрээр санхүүжилт нь ч өссөн. Өнгөрсөн онд 2.69 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөв баталсан байна. Уг дүн нь өмнөх жилийнхээсээ 1.9, 2018 оныхоос 3.9 дахин өссөн үзүүлэлт аж. Энэ оны тухайд хөрөнгийн зардал түүхэнд байгаагүйгээр нэмэгдэж, 6.17 их наяд төгрөгт хүрээд буй юм. Манай улс ийм байдлаар тэрбум ч бус, их наядаар хэмжигдэх төгрөгийг хөрөнгө оруулалтын төслүүдэд зарцуулаад буй атал үр ашиг нь яагаад бидэнд мэдрэгдэхгүй байна вэ гэдэг асуулт эндээс урган гарна.
ОНОШИЙГ ХЭРХЭН ТОГТООВ
“Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” төрийн бус байгууллагын судлаачид “Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар 2017-2023 оны улсын төсөвт тусгасан төсөл, арга хэмжээнүүдэд судалгаа, дүн шинжилгээ хийжээ. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг удаашруулж, царцаасны шалтгааныг тогтоохыг тэд зорьсон гэнэ. “Тухайн жилд санхүүжүүлэх дүн төслийн нийт төсөвт өртгийн харьцангуй бага хувьтай тэнцсээр ирсэн нь гүйцэтгэл удаашрах үндсэн шалтгаан болж байна” гэж тэд энэ байдлыг оношилжээ. Эрх баригчид хэтэрхий олон төсөл эхлүүлж, ажил хийсэн дүр эсгэж, иргэдийг хуурчээ гэж л эндээс ойлгож болох бус уу.
“2017-2023 оны улсын төсөвт тусгасан төсөл, арга хэмжээнүүдийн нийт төсөвт өртгийн дөнгөж 33.2 хувьтай тэнцэх санхүүжилтийг баталжээ. Жишээ нь, Дундговь аймагт Төв халхын дуулалт жүжгийн театр барих төсөвт өртөг 6.8 тэрбум төгрөг. Гэтэл 2011 онд төслийг эхлүүлэхдээ ердөө 440 сая төгрөг буюу төсөвт өртгийн дөнгөж 6.5 хувийг л санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Тэгсэн хэрнээ хоёрхон жилийн дараа буюу 2013 онд дуусгана гэж тусгасан нь бодитой тооцоолол биш байсныг өнөөдөр хүртэл ашиглалтад оруулаагүй, дутуу барьсан театрын барилга гэрчилнэ. Төсвийн тухай хуулийн 29.3.5-д “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож, гурван жилд багтаан санхүүжүүлж, дуусгах” гэсэн заалт бий” гэж дээрх байгууллагынхны судалгаанд дурджээ.
Бас олон жил дамнан үргэлжилсэн төслүүдээ дуусгахад анхаардаггүй атлаа шинэ арга хэмжээнүүдийг төсөвт нэмж тусгадаг нь зохисгүйг тус байгууллагынхан хөндсөн байна. Эдгээрт тулгуурлан улсын төсвөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийг төлөвлөхөөс эхлээд гүйцэтгэж дуусгах хүртэлх бүхий л үе шатыг хамарсан цахим хувийн хэрэг нээж, олон нийтэд ил тод болгох замаар хяналтыг сайжруулах шаардлагатайг судлаачид зөвлөснийг эрх баригчид анхааралдаа авна уу. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гурван жилд багтаан санхүүжүүлж дуусгахаар хуульдаа заажээ. Тэгсэн атлаа энэ хугацаагаа гурав дахин хойшлуулан сунжруулж, удаашруулаад буйн хариуцлагыг ер нь хэн хүлээх вэ.
Бэлтгэсэн: М.Оч