Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр 13.30 цагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэрэг гэж нэрлэж буй олны анхаарал татсан хэргийг хэлэлцэхээр товлоод байв. Гэвч шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгч нас барсан учраас түүний хянаж байсан, илтгэн хэлэлцүүлэх бүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэргийг энэ сарын 28-ны 09.00 цагт хэлэлцэхээр тов тогтоосон юм.
Тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшүүлэхэд“Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью эс си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн өвөл хийсэн юм.
Улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан билээ. Ингэхдээ хилээр гарч явсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпорац” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар нарт холбогдох үйлдлийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөх боломжгүй ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэн прокурорт буцаах шийдвэр гаргасныг бид цаг тухайд нь мэдээлсэн.
Уг хэрэгт дээр дурдсан хүмүүсээс гадна Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью эс си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тус компанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнхсоёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболд, “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью эс си” ХХК-д холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар татсан. Нэр дурдсан 20 хүнийг Эрүүгийн хуулийн 21.1-ийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5-ын хахууль өгөх, 18.6-гийн мөнгө угаах, 20.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл заалтын дагуу буруутгаж буй юм.