Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд боловсролын бүх түвшинд тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, ялгаварлалаас ангид, хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй зарчмыг баримталдаг. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх тогтолцоог хөгжүүлэх тухай хөндөгдөж байна. Тодорхой хэлбэл, 2023 оны долдугаар сард батлагдсан Боловсролын багц хуульд тэгш хамруулан сургах боловсролын асуудлыг цогцоор нь тусгажээ.
Түүнчлэн 2015 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох зорилгоор ХНХЯ-тай хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатыг хэрэгжүүллээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн цэцэрлэг, сургуульд үе тэнгийн найз нөхөдтэй нь хамт сургах, хөгжүүлэх загварыг бий болгож, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, мөн эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарав. Өнөөдөр уг төслийн II шатны хаалтын үйл ажиллагаа болж, цэцэрлэг, сургуулиуд төслийн хүрээнд бий болсон өөрсдийн сайн туршлагаа бусдадаа танилцуулах, туршлага судлах, бие биеэсээ суралцах боломж бүрдэж байна. п
Төслийн хүрээнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн цэцэрлэг, сургуульд үе тэнгийнхэнтэй нь хамт сургах боловсролын загварыг хөгжүүлж, сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэв.
- Цэцэрлэг, сургуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх баг байгуулах, чадваржуулах ажлыг зохион байгуулсан.
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал, тохируулгат сургалтын орчин, хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгууллаа.
- Боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэхэд чиглэсэн сургалтуудыг үе шаттай зохион байгуулж 9600 багшийг хамрууллаа.
Эх сурвалж: БШУЯ