Морьт харваа нэг талаас спорт, нөгөө талаас өв соёл юм. Энэ нь эр зориг, овсгоо самбаа, ухаан, мэдрэмж шаардсан, өрсөлдөөн ихтэй спортын төрөлд багтсанаар улс бүрд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хөгжиж буй. Морин дээрээс давхил дунд харваж, бай онох нь монголчуудын эртнээс уламжилж ирсэн зан үйл гэдгийг манай тамирчид ур чадвараараа харуулсаар байна. Тэдний нэг нь Азийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Б.Отгон-Өлзий. Тэрбээр Азийн морьт харвааны холбооноос Казахстан улсын Шымкент хотод өнгөрсөн сард зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнд 11 орны 53 шилдэг харваачтай цэц сорьж, мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл өнгөрсөн жил болсон Азийн АШТ-д турк бай харвааны төрөлд түрүүлж, аваргаар тодорсон билээ.
-Казахстанаас эх орондоо ирээд нэлээд удлаа. Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна вэ?
-Өмнөд хөршид морьт харвааны олон улсын тэмцээн ирэх сард болно. Шымкент хотоос Өмнөговь аймагт ирсэн даруйдаа бэлтгэлээ базааж эхэллээ. Тэнд болсон Азийн АШТ-д 14 орны 56 тамирчин оролцсоноос Монгол, Казахстан, Саудын Арабын харваачид ширүүхэн өрсөлдсөн. Тухайлбал, Саудын Араб тивийн тэмцээнд тамирчдаа амжилттай сойхын тулд гадаадаас туршлагатай дасгалжуулагчид урьж, хоёр жил бэлтгэл хийлгэсэн гэдэг. Тэгвэл эзэн орны харваачид мөн л тэргүүн байрт шалгарахын тулд сүүлийн нэг жил шаргуу хөдөлмөрлөсөн нь анзаарагдаж байв. Харин манайхан өвлийн улиралд бэлтгэл хийлгүй оролцсон гэхэд чамлахааргүй амжилт гаргалаа.
-Шымкентэд болсон тэмцээнд цэц сорихын тулд адармаатай зам туулсан тухай сонслоо.
-Тус хот руу зорчих онгоцны тийз дууссан тул бид газраар явсан. ОХУ-ын хил дээр очтол нум, сумыг маань зэвсэг гэж үзээд хураачхав. Тэндээс харвааны хэрэгсэл олж тэмцээнд оролцъё гэж ярилцаад цааш хөдөлсөн юм. Дөрвөн өдөр явж тэмцээнд болох газраа хөл тавьсан. Ингэж явах хэцүү санагдсан ч биднийг зорилго минь нэгтгэж залсан даа.
Манайхан олон улсын харваачдад учир байдлаа хэлж ойлгуулснаар нум, сумаа хэрэглүүлэхээр болсон. Өөрийн дассан нум, сумаар харвасан бол түрүүлэх байв.
-Морьт харваачдын эрэмгий, зоримог, хурдан шалмаг, овсгоо самбаанаас нүүдэлчдийн амьдралын ахуй соёл, дадал зуршил харагддаг юм.
-Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат. Багаасаа хөдөө адуу, малтай ойр өссөн. Зургаан настайдаа хурдан морь унаж, наадамд уралддаг байлаа. 12 дугаар ангиа төгсөөд БНСУ-ыг зорьж, Чэжү аралд “Хан Монгол” морин циркийн шоу үзүүлбэрийн уран бүтээлчээр ажилласан. Тэнд очсоныхоо дараа дэлхийн дөрвөн удаагийн аварга Э.Эрдэнэ багштай танилцаж, 2018 оноос морьт харвааны спортод дурласан. Дөрвөн жил морин циркийн жүжигчнээр ажиллахдаа ах нараасаа олон зүйл сурлаа. 2022 онд гэрээний хугацаа дуусаж, Монголдоо ирснээр тив, дэлхийн тэмцээнд оролцдог болов. Ханхонгор сум урлагийн сургуультай. Би 10-12 дугаар анги хүртлээ монгол бүжгийн ангид сурахаас гадна хөнгөн атлетик, волейбол, сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан минь морьт харваач болоход багагүй нөлөөлсөн.
-Турк улсад 2022 онд болсон дэлхийн нүүдэлчдийн их наадмаас та шагналтай ирсэн санагдана.
-Тийм ээ. Дээрх наадамд анх удаа оролцохдоо өөрийгөө өндөр амжилт гаргана гэж бодоогүй. Босго өндөртэй тэмцээнд өрсөлдөж, гадаадын тамирчдын туршлага, харвах техник, ур чадварыг харъя гэсэн бодолтой хилийн дээс алхсан. Монголын хоёр харваач улсаа төлөөлж оролцохоор шалгарсны нэг нь би байв. 23 орны 80 гаруй тамирчин цэц сорьсон эл наадмын унгар буюу залгаа гурван байны төрөлд түрүүлсэн. Манай улс өмнө нь дээрх наадмын морьт харвааны төрөлд медаль хүртээгүй юм билээ. Миний хувьд эх орондоо анхны алтан медалийг авчирсан. Монголд морьт харвааны хоёр холбоо бий. Би Монголын морьт харваачдын холбоонд харьяалагддаг. Тус холбооны тэргүүн Ш.Цогтхүү багшийн удирдлагад бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог. Казахстанд Азийн морьт харвааны холбоо байгуулахад Монголын морьт харваачдын холбоо нэгдэж, сертификат авсан.
-Морьт харваа нь улс бүрд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хөгжиж байна. Монголчууд бусад орноос юугаараа давуу талтай вэ?
-Монголчуудын морин дээрээс харваж, намнах нь өвөг дээдсээс улбаатай. Тиймдээ ч дэлхийн талыг мориор эзэлсэн түүх бий. Биднийг гадаадын тэмцээнд оролцохоор очиход зохион байгуулагчид нь хүндэлж угтдаг. Тамирчид амжилт гаргахын тулд минут, секунд, дольтой уралддаг болохоор манай харваачид хурдан морийг нь сонгодог юм. Ямар ч нөхцөлд арга эвийг нь олоод унана. Би өнгөрсөн жил болсон Азийн АШТ-д өөрийн давуу талыг ашиглаж, хамгийн хурдан морь сонгон 100 метр замыг зургаан секундэд туулж, таван сум харвасан.
-Та морьт харвааны аль төрөлд түлхүү амжилт гаргадаг вэ?
-Турк, унгар, казахстан бай харвааны төрөлд цөөнгүй амжилт гаргасан. Улс бүр өөрийн гэсэн харвааны онцлогтой. БНСУ өөдөөс харсан цуваа тав, Унгар залгаа гурван бай, Казахстан зургаа, найм, арван метрт тавьсан алт, мөнгө, хүрэл зоос харвах төрөлтэй. Зай нь холдох тусам оноо нь өндөр болдог. Монгол Улс бөмбөг намнаа төрөлтэй. Энэ нь волейболын бөмбөг шиг. 25 см-ийн диаметртэй бөмбөгийг тав, зургаа, 10 метрт байрлуулж харвадаг. Монголчууд 1800 оны үед харваж байсан юм билээ. Наадамд түрүүлсэн харваачийг нэг хоньтой дүйцэх хэмжээний мөнгөн шагналаар урамшуулж байсан гэдэг.
-Гадаадын үзэгчид танаас Монголын хаад, эзэнт гүрний түүхийг сонирхож асуудаг уу?
-Асуулгүй яах вэ. Тэд “Чингисийн монголчууд харвахдаа тун сурамгай юм гээч. Та нарын цусанд харвах эрдэм байна” гэдэг. Манайхан тэмцээнд оролцохын зэрэгцээ улсынхаа түүх соёл, ёс заншил, үндэсний хувцсаа олон улсад сурталчилдаг. Би сүүлийн үед түүхээ түлхүү судалж байгаа. Монголын морьт харваач цэргүүд ямар нумаар хол, ойрын зайд хэрхэн харвадаг байсныг их сонирхдог болсон. Монголчуудын харваа нэг секундэд нэг сум авдаг нь дэлхийд хамгийн хурдан техникт тооцогддог. Европынхон бидний техникээс суралцахыг хүсэж, үүрч буй саадгийг маань хараад хийлгэх санал их тавина. Морьт харвааны тэмцээнд Казахстан, Саудын Арабынхан эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрлээ. Бид хурдан морио давуу тал болгодог байсан бол цэц, мэргэнээрээ өрсөлдөх цаг ирснийг Азийн АШТ-ээс сая анзаарлаа.
-Таны хувьд овсгоо самбаа, ухаан, мэдрэмж шаардсан ямар харваа байв?
-Аваргын төлөө Саудын Арабын тамирчинтай өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн. Казахстан харвааны төрөлд байг уяагаар унжуулж зүүсэн нь салхинд эргэлдээд харвах үед унаж байлаа. Морьтойгоо замаасаа гарч, эргэн орж харвахдаа хамгийн өндөр оноотой хоёр байг нь оносон. Тэр үед “Ямар хэцүү цаг үед нь миний харваа таарчихав аа” гээд бодож байлаа. Тэр хэсэгхэн цаг хугацаа миний ур чадвар, ухаан гээд бүх зүйлийг сорих шиг санагдсан. Өөрийн нумаар харваагүй болохоор сэтгэлээр ч унасан. Надад эх орон, нутаг, гэр бүлдээ заавал медальтай очих ёстой шүү гэсэн бодол хамгийн түрүүнд төрж байв.
-Саудын Арабын тамирчид хоёр жил бэлтгэл шаргуу базаасныг бодоход улс нь морьт харвааг спортын томоохон төрөл болгон хөгжүүлж буй бололтой.
-Олон орон морьт харвааг улсдаа хөгжүүлж, мэргэжлийн тамирчид бэлтгэхэд анхаарал хандуулж байна. Саяхнаас БНХАУ бодлогын хүрээнд хөгжүүлж эхэллээ. Тус улсын нум үйлдвэрлэдэг “Alibow” үйлдвэрийн захирал нь Азийн морьт харвааны холбооны дэд тэргүүнээр сонгогдсон юм. Казахстанд наймдугаар сард болох Дэлхийн нүүдэлчдийн V их наадам, БНХАУ-д мөн наймдугаар сард зохион байгуулах морьт харвааны ДАШТ-д өмнөд хөршийнхөн оролцох эрх авлаа. Энэ нь бидэнтэй ана мана өрсөлдөх болов уу гэсэн таамаг төрүүлсэн. Саудын Араб морьт харвааг олимпын наадмын төрөлд оруулахаар хөөцөлдөж байгаа юм билээ. Тус улс тамирчдаа дэмжиж, Казахстанд тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнө бэлтгэл хийлгэж, орчин нөхцөлд нь дасгасан. Тэд биднийг очиход унах морио хүртэл сонгосон байв. Би гадаадын тэмцээнд оролцох бүрдээ хувиасаа зардал гаргадаг болохоор хоосон буцахгүйг хичээдэг.
-Манайхан эх орондоо өнгөрсөн жил зохион байгуулсан ДАШТ-д багаараа II байр эзэлсэн бил үү?
-Тус тэмцээнд 100 гаруй орны тамирчин оролцоход би БНСУ-ын бай харвааны төрөлд мөнгөн медаль хүртсэн. Бөмбөг намнаа төрлийг үзэгчдэд сурталчлан таниулах зорилгоор Сүхбаатарын талбайд хийхээр нийслэлийн Аялал жуулчлалын газартай тохирсон боловч төсөв мөнгө нь бүтээгүй. “Чингисийн хүрээ” цогцолборт ДАШТ зургаан хоног үргэлжилсэн. Бусад оронд болсон тэмцээнээс илүү оролцогчтой байсан нь монголчуудын түүх, соёл, нүүдлийн амьдрал, ахуйтай холбоотой. Гадаадын харваачид тэмцээнд оролцохын зэрэгцээ Монгол орны үзэсгэлэнтэй байгаль, иргэдийнх нь амьдралын хэв маяг, үндэсний бахархал болсон бүхэнтэй нь танилцахыг хүсдэг. Манайд жуулчдыг татах олон зүйл бий. Гадаадад чинээлэг амьдралтай хүмүүс нь морь, малтай байдаг. Тэгтэл Монголд ямар ч малчин айлын гадаа адуу, мал сүргээрээ бэлчих нь тэднийг гайхшируулсан. Багадаа багшийнхаа дэлхийн аварга болсон цолд хүрнэ гэж мөрөөддөг байв. Тэр хүслээ биелүүлсэндээ баярладаг. Морьт харвааны тив, дэлхийн тэмцээнд оролцсон минь зорилгодоо хүрэх том алхам байлаа.
-Аялал жуулчлалын улирал эхлэхээр жуулчдад морин циркийн үзүүлбэрүүдээс толилуулдаг биз дээ?
-Наадмын нээлт, урлагийн томоохон арга хэжээний үеэр морин циркийн үзүүлбэрүүдээс толилуулдаг. Завтай үедээ аймгийнхаа спортын ордонд сагсан бөмбөг тоглож, акробатаар хичээллэнэ. Залуу хүнийхээ хувьд өөрийгөө завгүй байлгахыг хичээж ирлээ. Ингэх нь жингээ барихад ч тус болдог юм. Гадаадын орнууд “Манай улсад ирж, морин циркийн уран бүтээлчээр ажиллаач” гэсэн санал тавьдаг. Миний хувьд тамирчны карьертаа анхаарал хандуулсан. Морьт харваа тухайн тамирчнаас хурд, хүч, мэдрэмж шаарддаг тул залуу насандаа амжилтад хүрэхийг зорьж байгаа. Би нутагтаа эхнэр, хүүгийнхээ хамт амьдардаг. Хүү минь одоо зургаан сартай. Үр хүүхдээ өсгөж, зөв хүн болгон төлөвшүүлэхэд аав хүний үүрэг, хариуцлага их байдаг шүү дээ.
-Танд ямар орон дахиж зочилмоор сэтгэгдэл төрүүлэв?
-Турк улс их таалагддаг. Дэлхийн нүүдэлчдийн их наадмын нээлт, хаалт, шоу үзүүлбэрийг байгалийн сайханд, далайн эрэгт өндөр зохион байгуулалттай хийсэн нь 5000 тамирчны сэтгэлд хүрсэн. Миний хувьд анх удаа оролцсон том тэмцээн байсан болоод ч тэр үү сайхан дурсамж үлдээсэн. Тэндээс медальтай, урам зоригтой ирснээ мартдаггүй. Тэр тэмцээн өөрийгөө хөгжүүлэхийн тулд өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөхийг ойлгуулсан. Гадаадын тамирчид гэхээр цойлсон хэмжээнд байдаггүйг ухааруулсан даа.
-Казахстан улсын дэвжээ ээлтэй санагддаг уу. Та тэнд болсон Азийн АШТ-ээс алт, мөнгөн медальтай ирлээ шүү дээ.
-Би тэндээс “ганзага дүүрэн” ирдэг. Миний хувьд Шымкент хотод амжилт гаргах бүрдээ талархдаг. Манайхан тивийн тэмцээнд эхний гурван байрт байнга шалгардаг юм. Бид гадаадын тэмцээнд оролцсоор байгаад тамирчидтай нь найз нөхөд болдог. Заримтай нь медалийн төлөө өрсөлдөнө шүү дээ. Сүүлийн үед Казахтсан, Саудын Арабынхантай нөхөрлөлийн хүрээгээ тэллээ. Монголчууд ямар ч тэмцээнд оролцсон медаль хүртэх улсын тоонд зүй ёсоор багтдаг нь сайхан. Бид “Амжилттай харвавал улсын минь нэр гарна. Би сайн харвавал нутгийн минь нэр гарна” гэж тэмцээнд оролцдог. Тамирчин хүнд аавынх нь нэр хазайлгаж болохгүй эрхэм зүйл байдаг. Тиймээс ялагдахгүйг хичээдэг юм. Гэр бүлийнхэн минь намайг дэмжиж, ард минь бат найдвартай зогсдог үнэнч хөгжөөн дэмжигч болсон. Тэднийхээ хүсэл мөрөөдлийг өөрийнхөө зорилготой хамт тээж хилийн дээс алхдаг. Тиймээс итгэл найдварыг нь алдаж, сэтгэлийг нь гонсойлгож болохгүй.
-Монголчууд цэнхэрийг тэнгэрийн өнгө гэж бэлгэшээдэг. Оролцсон тэмцээн бүрдээ ийм өнгөтэй дээлээр гоёх юм аа.
-Би цэнхэр өнгийг бэлгэшээдэг. Багадаа хөх өнгийн хувцас өмсөх дуртай байсан минь одоо ч хэвээрээ. Уран гартай Хонгорзул эгчээр дээлээ урлуулдаг. Гадаадын тэмцээнд оролцож, медаль хүртэх бүрдээ Төрийн далбаагаа бэлгэдэж, улаан эмжээртэй цэнхэр дээл өмсдөг. Нэг дээлийн минь өнгө бүр гандчихсан шүү. Хаана ч очсон монголчуудын үндэсний хувцасны загвар хийц, эсгүүр олны анхаарлыг татдаг. Биднээс “Дээл өмсөхөд биед тань хэр тухтай байдаг вэ. Та нар тэмцээнд сүрлэг, эрч хүчтэй, зоримог харагддаг. Надад шинэ дээл урлуулаад явуулаач” гэдэг юм. Монгол хүний хийморь дээл, бүс, малгайдаа явдаг. Тиймээс Төрийн далбаа, малгайдаа хэнийг ч хүргэдэггүй. Миний хувьд үндэсний хувцсаа дээдэлдэг болохоор бэлэглэдэггүй. Харин оёулаад илгээдэг. Морьт харваачдын нум, сум үндэсний сурын харваачдынхаас өөр. Авч явахад авсаархан, хөнгөн. Голоороо салдаг болохоор гар тээшинд багтана. Тэмцээнд оролцохдоо угсраад харвадаг. Сумных нь үзүүр зэвтэй тул аюулгүй байдлаа сайтар хангах ёстой байдаг юм.
-Хамгийн хурдан морийг сонгодог гэхээр морь шинжихдээ гаргууд байх нь.
-Тэмцээний үед хурдан, удаан, омголон ааштай, урагш алхдаггүй морь таарна. Зарим нь зам руу орохгүй хулгаж, үсэрч цоройно. Гадаадын тэмцээнд оролцоход мориных нь эмээл монголчуудынхаас өөр. Морьт харваачид олон улсын тэмцээнд дөрөө, холбоосгүй явдаг болохоор тэнцвэрээ олох чухал байдаг. Морин дээрээс бай харвах амаргүй. Мориныхоо зан аашаас гадна зам, бай, харваандаа анхаарна. Анхаарал жаахан сарнихад л байнаас өөр газар харвадаг. Харваачид бие, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэж байж амжилт гаргадаг юм шүү дээ. Би халзан морь сонгох дуртай. Надад ээлтэй санагддаг. Морь ухаантай амьтан. Харцнаас нь мэдрэгдэнэ. Морьт циркийн уран бүтээлчээр хэдэн жил ажилласан болохоор морьтой ярилцаж сурсан. Надад олон улсын 10 гаруй шагнал бий. Дэлхийн нүүдэлчдийн их наадмаас нэг алт, ДАШТ-ээс хошой мөнгө, Азийн АШТ-ээс алт, мөнгөн медаль хүртжээ.
-Зодог тайлахаараа дасгалжуулагчаар ажиллах уу?
-Би нэг хэвийн байх дургүй. Өөрийгөө байнга хөгжүүлж, сорих дуртай. Хийж буй зүйлээ төгс эзэмшихийг боддог. Аливаа ажлыг эхлүүлсэн бол үр дүнг нь үзэж байж ард нь гарна. Надад зорьсон зүйл бий. Өмнөговь аймагт морин циркийн клуб нээхээр төлөвлөж байгаа. Хүүгээ удам дамжсан харваач болгохыг хүсдэг. Морьт харваагаар сонирхож хичээллэвэл дуртай дэмжинэ. Аавын хувьд хүүгээ дасгалжуулж, дэлхийн тавцанд хамтдаа цэц сорихыг мөрөөддөг л юм. Энэ ташрамд, морьт харваагаар хичээллэдэг залуустаа “Өөрийн дуртай спортод амжилт гаргах сайхан. Үүнд нэгт, монголын түүх, уламжлалт ёс заншил, ахуй соёл, хоёрт, спорт, гуравт, карьер, эрүүл мэнд, төлөвшил гээд олон зүйл багтдаг. Сонирхсон бол тууштай хичээллээрэй. Ямар ч ажлыг сэтгэлээсээ хийж, зорилгынхоо төлөө хөдөлмөрлөхөд нэг л өдөр шагнал болж ирнэ шүү” гэж хэлье.