Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Улмаар хянан шалгах түр хорооны хуралдаан 72.7 хувийн ирцтэйгээр хуралдаж,Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, Сонсголд гэрч дуудах тухай гэсэн гурван тогтоолын төслийг хэлэлцэж батлав.
Тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоожээ. Мөн сонсголоор худалдан авах үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдав, хэн гэдэг албан тушаалтан ямар хэлбэрээр оролцов, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн дүгнэлт гаргав, орж ирсэн ногоон автобус стандартын шаардлагыг хангасан уу гэсэн гурван бүлэг сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах аж. “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос найман хянан шалгагч, шинжээч томилогдож, сар гаруйн хугацаанд нотлох баримтыг шинжлэн судалжээ. Сонсголд нийт 98 гэрчийг оролцуулахаар дуудсан байна.