Үндэслэлгүйгээр цалинг нь бууруулсан гэх шалтгаанаар “Оюутолгой” компанийн Гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн хэлтсийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Тодорхой шалтгаан, үндэслэлгүйгээр цалинг нь хассаны улмаас тэд түр хугацаанд ажилд гарахаас татгалзсан байна. Ийнхүү шаардлага тавихад нь дээрх компани ажилчдыг уурхайг орхиж явахыг хүсжээ. Ингэснээр нийт 180 орчим уурхайчин гэр лүүгээ буцсан гэнэ. Тэднийг амарч буй ажилчидтай нийлүүлэн тооцвол нийт 400 орчим ажлын байртай холбоотой асуудал үүсээд буй юм байна. Уг компанийн бусад хэлтсийн ажилчид ч хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг шаардаж, аюулгүй ажиллагааны түр зогсолт хийжээ. “Оюутолгой” компани ажилчдынхаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах эрхэд нь бүдүүлгээр халдаж байна гэж тэдний төлөөлөл хэлсэн юм. Түүнчлэн ажилчдыг уулзуулахгүй байх, багуудыг хуралдахад гаднаас нь түгжих, хүн оруулахгүй байх хориг тавьсныг тэд дурдав.
Харин “Оюутолгой” компанийн зүгээс “Энэ сарын 10-нд гүний уурхайн шөнийн ээлжийн ажилчид сэтгэл санааны байдал нь бэлэн биш гэсэн шалтгаанаар ажилд гарахаас татгалзсан. Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг онцгойлон авч үздэгийн хувьд бид нөхцөл байдлыг ойлгож, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлсний дараа амрахыг зөвшөөрсөн. Мөн энэ хугацааны цалинг нөхөж олгохоор болсон юм. Тухайн ажилтнууд дахин буюу хоёр дахь удаагаа ажилдаа гарахаас татгалзлаа. Ийм тохиолдолд уурхайн цогцолбороос буцаах зохицуулалт хийхийг сануулахад зарим ажилтан гэр лүүгээ явах шийдвэр гаргасан. Эрүүл мэнд, хүндэтгэн үзэхээс бусад шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцож, цалин олгохгүй байх зохицуулалттай. Энэ талаар Үйлдвэрчний эвлэлийн хороотой дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, хамтарсан дүгнэлт гарган, ажилтнууддаа мэдээлсэн. Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу уурхайн ажилтнуудад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийн талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Бид уг тохиролцоог хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэж мэдэгдсэн юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн