Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2024.05.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д Монгол Улсын иргэн нь “хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасан.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд “энэ хуулийн үйлчлэлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх” хамаарна гэж, 3.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.” гэж тус тус заасан. Уг зохицуулалтын дагуу зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Ингэхдээ бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв болон зургаагаас дээш хүүхэдтэй байсан бөгөөд эдгээр хүүхдийн тоонд 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийг хамруулан олгодог юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэдээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд оруулан тооцож алдарт эхийн одонг олгох зэрэг саналуудыг ирүүлсэн байна. Иймд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Төсөл хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамруулахаар тусгасан байна.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.”, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.” гэж тус тус заасан.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар Монгол Улсын Төрийн сүлд, туг, далбаа, тамгыг үйлдэх, дүрслэх, дээдлэн хэрэглэх журмыг хуульчлан зохицуулдаг. Уг хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн далбааг байнга мандуулах байршлыг тодорхойлсон бол 25 дугаар зүйлд иргэд, өрх, аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн бэлгэ тэмдгээ гүнээ дээдлэн хүндэтгэж, бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед Төрийн сүлд, далбаагаа барих байрлуулах, мандуулах буюу Төрийн дууллыг эгшиглүүлж болохоор заасан байдаг.
Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг байнга мандуулах эрх зүйн орчинг сайжруулах, түүнчлэн төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд дурсгал болгон хадгалуулах зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд төрийн далбааг байнга мандуулах байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор заажээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.
Төсөл батлагдсанаар монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ