Гадаад харилцааны яамны 2023 онд гаргасан мэдээллээр Монгол Улсын 220 мянга гаруй иргэн хилийн чанадад сурч, ажиллаж байгааг дурджээ. Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1900 гаруй иргэнээс судалгаа авахад 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэхээр гадаад улсад амьдарч байгаа гэх хариулт өгчээ. Тэдний 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй иргэд аж. Тэдний 10 хүн тутмын найм нь Монгол руу буцах бодолгүй гэж хариулсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой иргэд байв.
Хөгжиж буй болон буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index"-р манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагссан байна. Тус индексээр манай улсын тархины урсгалын байдал 2019 онд 3.80 хувьтай байсан бол 2023 онд 4.20 болж нэмэгдсэн байна. Зарим судлаачдын их өгөгдөлд хийсэн шинжилгээгээр Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тайлбарласан байна.
Тус асуудалд
- Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны бохирдол буюу түгжрэл, агаарын бохирдол,
- Оюуны чадамжийг үнэлэх өндөр цалинтай ажлын байр хомсдол,
- Хүүхдэд зориулсан орчин муу тул гадаад улсыг сонгох болсон гэсэн асуудалд суурилсан дүгнэлтийг гаргажээ.
Энэ мэт улс орны суурь асуудлуудыг хамтад нь шийдвэрлэхгүй бол “Brain drain” индекс улам өсөх, “Brain gain” буюу тархины урсгалаа эргүүлэн татах боломж улам буурах эрсдэл үүсэж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан, боловсролын салбарын олон эрдэмтэн судлаач, оюутан нар гадаад улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, боловсрол эзэмшихээр явсан. Эдгээр нөөцийг эргүүлэх татах зайлшгүй шаардлага бий. Тухайлбал, манай улсад агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторийн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, программ хангамжийн инженер зэрэг өндөр боловсрол, ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ их аж. Хөгжлийг хөдөлгөх гол хүч нь хүн. Мэдлэг чадвартай хүний нөөцийн гадагш урсгалыг зогсоох, дэлхийд тархсан Монгол тархины урсгалаа эргүүлэн татах тухай хөндөгдөж ирсэн.