Суут сэтгэгч нарын нэг И.Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” бүтээлийг доктор Ч.Даваадорж монгол хэлэнд буулгажээ. Тэрбээр шинэ номынхоо хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт МУИС-д зохион байгуулсан юм. Уг бүтээлийг шинжлэлийн ухааны доктор Л.Норовсүрэн хянан найруулжээ.
И.Кант эл бүтээлээ 1780 оны сүүлчээр туурвиж, нэг жилийн дараа уншигчдын хүртээл болгожээ. Энэхүү номоос танин мэдэхүйн онол арга зүй, дэлхий ертөнцийг томьёолсон түүний онолтой танилцах боломжтой аж. “Хүн юмсыг мэдэрч, сэтгэж танин мэддэг. Мэдрэхүйн чанар ба оюун бодол бол танин мэдэхүйн үндсэн багана” хэмээн тэрбээр тодорхойлж байж. “Кант нь бүх мэдлэг туршлагаас эхэлдэг ч зөвхөн түүгээр хязгаарлагддаггүй гэсэн үзэлтэй хүн байжээ. Түүний философийн тогтолцоонд мэдлэг нь туршлагатай давхацдаг. Кант туршлагыг маш өргөн утгаар авч үздэг байсан” хэмээн доктор Ч.Даваадорж тодорхойлжээ.
Бэлтгэсэн А.Үүл