“Монгол бичгийн цахим бичвэр” улсын III уралдааны шилдгүүд өнгөрсөн баасан гарагт шагналаа гардан авлаа. Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Үндэсний номын сангаас уг уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн уралдааныг цахимаар зохион байгуулж, шилдгүүдийг тодруулсан юм билээ.
Тус уралдааны юникодын бус мэргэжлийн ангилалд тэргүүн байрыг Ө.Энхжаргал хүртжээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш юм. Мөн тус ангиллын дэд байрт “Олонлог академи” ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Золхишиг шалгарав. Гутгаар байрыг Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл шинжлэлийн хүрээлэнгийн монгол хэл, бичгийн багш Н.Энхчимэг эзэлсэн байна.
Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос эхлэн төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтлөхөөр болсон. Иймд тус уралдаанаар дамжуулан монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, цаашлаад монгол бичгээр цахим бичвэр боловсруулах чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой аж.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн