Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборынхны санаачилснаар ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран Хүүхдийн зуслангийн удирдах ажилтнуудын үндэсний зөвлөгөөн зохион байгуулав. Дэлхий даяар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хүүхдийн зуслангийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагатай хойч үеийг төлөвшүүлэх зорилго бүхий уг арга хэмжээний хүрээнд өнгөрсөн баасан гарагт “Хүүхдийн хөгжлийн төлөөх нийгмийн хариуцлага” сэдэвт зөвлөгөөн болж, 51 зуслангийн 130 гаруй төлөөлөгч оролцсон бол дараагийн хоёр өдөр нь олон улсын “Найрамдал” цогцолборт сургалт зохион байгуулсан юм.
Хүүхдийн хөгжлийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, зуслангуудын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэхийн зэрэгцээ харилцан суралцаж, бүс нутгийн болон дэлхийн шилдэг туршлагуудын талаар мэдээлэл солилцсон бөгөөд энэ үеэр Хятад, Сингапур зэрэг олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьсан нь өгөөжтэй байсныг оролцогчид онцолж байв.
Манай хүн амын бараг гуравны нэг хувийг 0-18 насныхан эзэлж буй. Тэднээс 680 000 гаруй нь хүүхдийн зуслангийн хөтөлбөрт хамрагдах насных гэдгийг мэргэжилтнүүд мэдээлсэн бол улсын хэмжээнд 55 зуслан байгаагаас 43 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг аж. Өнгөрсөн хоёр жилд 3000 гаруй хүүхдийг зуслангуудад үнэ төлбөргүй хамруулсан бол энэ онд тодорхой хөнгөлөлттэйгөөр 10 000-ыг орон нутгаас амраах талаар ч энэ үеэр мэдээлсэн.
Манай зуслангуудын удирдах мэргэжилтнүүд ийнхүү анх удаа чуулж, туршлага солилцох, тэр дундаа олон улсын гэсэн тодотголтой “Найрамдал” цогцолборынхноос номын дуу сонссон нь энэ салбарынхны шинэчлэл, дэвшлийн нэг илрэл гэдгийг үндэсний зөвлөгөөнд оролцогчид хэлэв.
Хүүхдийн зуслангууд ямар байдлаар хөгжих вэ, тэнд ажиллагсдын өмнө тулгамдаж буй асуудал, зуслангийн багш, мэргэжилтнийг яаж бэлтгэх вэ гэхчлэн өргөн хүрээтэй зөвлөгөөнийг бодлого тодорхойлогчид болон БШУЯ зэрэг холбогдох байгууллагын оролцоотойгоор хэлэлцэж буйгаараа эл арга хэмжээ чухал гэдгийг “Найрамдал”-ын захирал Б.Отгонбат тодотгоод “Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын зуны ээлжид ажиллах бүлгийн удирдагчид МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн оюутнуудыг энэ сургалт, зөвлөгөөнд хамруулж байгаа нь бас нэгэн үр дүн” хэмээлээ. НҮБ-ын хөгжлийн зорилтуудыг хангах, хүүхдүүдэд хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах эко боловсрол олгож, амьдрах ур чадварт сургах нь хүмүүнлэг иргэн төлөвшүүлэхэд чухал болохыг ч онцолсон тэрбээр “Бид өмнө нь зөвхөн “Найрамдал”, эсвэл өөр зусланд ажилладаг цөөхөн хүнээс л сурч, туршлага судалдаг байсан бол энэ удаа олон улсын сургагч багш нар болон маркетингийн компаниуд, хүний нөөцийн чиглэлийн мэргэжилтнүүдтэй хамтарч эхэлсэн нь дэвшлийн нэг үндэс” хэмээснийг онцолъё.
46 жилийн түүхтэй “Найрамдал” цогцолборт Засгийн газар онцгой анхаарч буйн үр дүнд зуслангийн газрын кадастрын зураг, мэдээллийн санг нийслэлийн газрын мэдээллийн санд баталгаажуулж чадсан гэнэ. Мөн 2022-2023 онд нийтдээ шилжих байдлаар 8.3 тэрбум төгрөгөөр зассан өвлийн төв байраа ашиглалтад оруулж, өдгөө дулааны станцын иж бүрэн зуухнуудаа сольж, түүхий нүүрс түлдэггүй шинэ технологи нэвтрүүлэх болжээ.
Сүүлийн есөн жил дамнасан нэг асуудал болох усан спортын цогцолбороо ч энэ оны сүүлчээр ашиглалтад оруулахаар болсон гэнэ. Энэ мэтээр үргэлж “буцалж” байдаг тус газарт өнгөрсөн гурван хоногт гадаад, дотоодын зуслангийн мэргэжилтнүүд чуулж, харилцан суралцсан нь салбарын түүхэнд нэг хуудас нэмлээ.
Энэхүү зөвлөгөөн, сургалтад оролцсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэс” зуслангийн захирал И.Жаргалсайхан “Манай зуслан 1981 онд байгуулагдсан. Анх үйлдвэрчний төвүүдийн харьяа зуслан байсан. 43 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй зуслан маань улсдаа “Найрамдал”-ын дараа эрэмбэлэгддэг бөгөөд хөгжлийн хөтөлбөрүүдээ байнга шинэчилдэг. Ээлж бүрд хөгжлийн хөтөлбөр давтагдахгүйгээр зохион байгуулдаг. Нэг ээлжид 500, жилд 3600-4000 хүүхэд амраах хүчин чадалтай. Амрах эрхийн бичгийг цахимаар борлуулаад хоёр жил болжээ. Онцлог нь байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх зуслан учир эхлээд үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийг квотоор амраадаг. Жишээ нь, үйлдвэр 7000 гаруй ажилтантай, дөрвөн үндсэн цехтэй. “Эрдэнэс” зуслан Монголын үндэсний зуслангуудын холбоо, Олон улсын зуслангуудын холбооны гишүүн. Бид энэхүү зөвлөгөөнд зургаан хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хүний нөөцөө хэрхэн бүрдүүлэх болон олон улсын зуслангуудтай хамтран ажиллах нь чухал гэдгийг энэ сургалтаас ойлголоо” гэж сэтгэгдлээ хувцаалцлаа.
Өнгөрсөн бямба, ням гарагт “Найрамдал”-д болсон сургалт-зөвлөгөөнд илтгэл хэлэлцүүлсэн 22 мэргэжилтний нэг, БНХАУ-ын зуслангийн хөгжлийн институтийн дэд ерөнхийлөгч Диандиан Дуанаас хэдэн зүйл тодрууллаа.
-Та “Хүүхдийн зуслан бол ирээдүйд дэлхийг сайн сайхан болгох удирдагчдыг бэлтгэх газар” гэсэн. Яагаад заавал зуслан гэж?
-Хүүхдийн зуслан бол маш чухал салбар бөгөөд тэнд олгодог хүмүүжлийн төлөвшлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөр тэр бүр авч чадахгүй. Хятадын Засгийн газраас хүүхдүүдийг зөв иргэн болгон төлөвшүүлэхэд онцгойлон анхаардаг. Үүнд зуслангуудын үүрэг их. Тиймээс зуслангийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд сүүлийн жилүүдэд анхаарч, тэр хэрээр хурдацтай хөгжиж буй. Бид цаг үетэйгээ холбоотойгоор хүүхдийн хөгжил, төлөвшилд чухам юу хэрэгтэй байгаад суурилан хөгжлийн хөтөлбөрүүдээ байнга шинэчилдэг. Орчин цагт хүүхдүүд техник, технологийг илүүтэй сонирхох болсон учраас тэдгээрийг амьдралын чанарыг сайжруулахад яаж ашиглаж болохыг, мөн нийгмийн сүлжээнд хэрхэн зөв харилцах вэ гэдэгт сүүлийн үед төвлөрч байна. Ер нь дэлхий нийтээр ийм чиглэлээр явж буй. Хүн төрөлхтөн, дэлхий ертөнцийн нөхцөл байдал улам бүр тогтворгүй болж байна. Уг нь энэ гараг маань бүх хүнд хүрэлцэнэ. Хамгийн чухал нь дэлхийгээ хайрлаж, зөв удирдан залахад ирээдүйн иргэдийн төлөвшил, нөхөрлөл, хамтын шийдвэр асар их нөлөөтэй. Тиймээс дэлхийг тогтвортой авч явахад олон улсын хүүхдүүдийн эв найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд зуслангийн үүрэг, хариуцлага их. Зуслан бол олон улсын хүүхдүүд амарч, нөхөрлөх гол платформ гэж болно. Тэнд л дэлхийн эв нэгдлийг бий болгох эхлэл тавигдана. Монгол олон жилийн туршлагатай зуслангуудтай. Манай улсын хувьд хүүхдийн зуслан харьцангуй залуу салбар учраас бид харилцан суралцах зүйл их. Хятад, Монгол бол өнө эртний түүхээр холбогддог улс. Одоо зуслангаар дамжуулаад хоёр орны хүүхдүүдийн харилцаанд илүү анхаарах нь чухал.
-Та сургалтаараа зуслангийн захирлуудад чухам юу ойлгуулахыг зорив?
-Хүүхдийн төлөвшилд зуслангийн багш нар юу анхаарах вэ гэвэл багийн ажиллагаа, ур чадвараас илүүтэй сэтгэл гэж хариулна. Хүүхдийг чин үнэнээр хайрладаг байхад бусад нь аяндаа бий болно. Тухайн хүүхдийг зөв төлөвшил, хүмүүжилтэй болгоход зуслангийн багш нар үлгэрлэх хэрэгтэй.
Сингапураас ирсэн, Хувь хүний манлайлал, харилцааны академийн гүйцэтгэх захирал Лим Зишуан Делан зуслангуудын хөгжлийн хөтөлбөрийн чиглэлээр илүүтэй мэргэшсэн аж. Тэрбээр “Манай улсын зуслангууд сайн үйлсийн аянуудад маш идэвхтэй хамрагддаг онцлогтой. Мөн олон төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Хүүхдүүд зусланд ирснээр хөгжилтэй, тоглоомын аргаар олж авч байгаа хүмүүжил нь маш энгийн мэт боловч төлөвшилд асар эерэг нөлөөтэй байдгийг бодолцох ёстой. Цаг үеэ дагаад зуслангийн хөтөлбөр улам нарийн болж байгаа. Миний хичээлээс хүмүүс зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагааг өөр өнцгөөс харна гэж найдаж байна. Би олон орноор аялж, ажилладаг хүн. Очсон газар бүрийн соёл, аж байдлын онцлог нь дандаа шинэ зүйлд сургадаг. Монгол надад үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүллээ. Ингэж улс орнуудаас суралцсан бүхнээ хөгжлийн хөтөлбөрт тусгахыг эрмэлзэх хэрэгтэй” гэж ярилаа.
Бэлтгэсэн Э.Хана, У.Цэцэг