Улсын физикийн 35 дугаар олимпиадыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумд энэ сарын 8-11-нд зохион байгууллаа. Аймаг, бүсийн хэмжээний 11 удаагийн олимпиадад оролцож, шалгарсан шилдэг 45 багш, 98 сурагч үүнд өрсөлдсөн юм. Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон зохион байгуулагч Хөвсгөл аймгаас хамгийн олон суралцагч өрсөлджээ. Оролцогчид онолын бодлого болон туршилтын даалгавар гүйцэтгэсэн байна. Найман туршилтыг МУИС-ийн хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд тус бүр зохион байгуулжээ. Олимпиадад цахим технологи хэрэглэж, оролцогчдод мэдээллийг шуурхай хүргэсэн гэнэ. Түүнчлэн орчин үед түлхүү ашиглаж буй MSAT үнэлгээний системийн зарим элементийг хэрэглэсэн ажээ. Түүнчлэн өнгөрсөн онд Азийн физикийн олимпиадад хэрэглэж байсан багаж төхөөрөмжийг ашигласнаараа онцлог болжээ. Энэ үеэр мөн одон орны олимпиадыг амжилттай зохион байгуулжээ.
Түүнчлэн энэ сарын 5-7-нд МУБИС-д улсын техник, технологийн 25 дугаар олимпиад болов. Уг олимпиад нь багш, сурагчдын бүтээлч сэтгэлгээг сорьсон ур чадварын дадлага ажил буюу техникийн загварын тэмцээн зохион байгуулдгаараа онцлог. Жишээ нь, нисэх, усан, авто загварын болон роботын тэмцээнд оролцогчид ур чадвараа сорьсон юм. Мөн уржигдар МУИС-д улсын экологийн 20 дугаар олимпиад болж шилдгүүдээ тодруулжээ. Байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин судлал, инженерчлэлийн чиглэлээр сурч буй их, дээд сургуулийн оюутнууд баг болж өрсөлдөн, экологийн мэдлэгээ сорьжээ.
Бэлтгэсэн Ч.Болор