Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Перу улсын Лима хотод болж, монгол хүүхдүүд шагналын хур буулгалаа. Тодруулбал, монгол сурагчдаас гурван хүүхэд дэлхийн аварга болсон байна. Долоон настай охид, хөвгүүдийн ангиллын тэмцээний аль алинд нь монгол сурагчид алтан цом хүртсэн байна. Хөвгүүдийн ангилалд Монголын шатрын “Стейниц” академийн Б.Учрал, охидынход Хөвсгөл аймгийн тамирчин Н.Аз-Эрдэнэ нар дэлхийн аварга болов. Мөн есөн насны охидын ангилалд “Стейниц” академийн Ч.Нандинжигүүр ДАШТ-ий алтан цом хүртлээ. Тэднээс гадна нэг сурагч ДАШТ-ий мөнгөн, хоёр хүүхэд хүрэл цомын эзэн болжээ. Мөнгөн цом хүртсэн тамирчин нь дэлхийн хошой аварга Н.Содбилэгт. Тэрбээр энэ удаа 15 насныхны ангилалд өрсөлдсөн юм. Мөн 11 болон 13 насны охидын ангилалд М.Урангоо, Б.Буянхишиг нар хүрэл цомын эзэн болов.
Ташрамд дурдахад, сурагчдын шатрын ДАШТ-ээс өнгөрсөн онд манай тамирчид хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл цом хүртэж байжээ.
Бэлтгэсэн М.Оч