Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролын талаар мэдлэг олгох, тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, орчны эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой "Өсвөрийн парламент - 2023" хөтөлбөрт 150 сурагч хамрагдав. Тус хөтөлбөр “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зургаан сарын турш өрнөж, оролцогчид орчны эрүүл мэнд, парламентын боловсролын талаарх мэдлэг мэдээлэлтэй болсны зэрэгцээ өөрсдийн сурч мэдсэн бүхнээрээ дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажлуудыг хийсэн.
Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн оролцогчид Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороо, Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хороонд тус тус хуваарилагдаж, дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэв.
Оролцогчид нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явуулж, санал дүгнэлтээ гаргалаа. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хүүхдийн цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах эрх болон бусад эрхийг хамгаалах тухай” асуудлыг хэлэлцэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Хишигжаргал танилцуулга хийв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Парламентын боловсрол хөтөлбөрт өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлын тухай” асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар мэдээлэл хийлээ.
Харин Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд сэдвийн хүрээнд Улсын төсөвт хэрхэн тусгагдсан талаарх мэдээлэл болон, цаашид анхаарах асуудлын тухай” асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа улсын төсвийг хэлэлцэх дэг, үйл явцын талаар мэдээлэл өгсөн бол Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн н.Жавхлантөгс хөтөлбөрийн оролцогчдын хийсэн үнэлгээний үр дүнгийн талаар танилцуулав.
Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин бүрдүүлэхэд хүүхэд, өсвөр насныхны оролцоог дэмжих тухай” асуудлыг хэлэлцэж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэн мэдээлэл хийсэн юм. Байнгын хороод холбогдох санал, дүгнэлтээ боловсруулж, нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Нэгдсэн хуралдааныг “Өсвөрийн парламент – 2023” хөтөлбөрийн дарга Г.Тамир даргалан явуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Энхчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Түмэн-Өлзий, Төсөв, эдийн засгийн байнгын хорооны дарга Н.Номин-Эрдэнэ, Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хорооны дарга Н.Номт нар өөрсдийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Нэгдсэн хуралдааны үеэр оролцогчид санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгсөн.
Байнгын хороодын хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гарсан саналыг нэгтгэн Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээр болсон бөгөөд Нэгдсэн хуралдаанаас гарсан саналыг Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяад гардуулан өглөө. Уг саналд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хүүхдийн эрхийн хангах нөхцөл байдал, эрх зүйн орчныг сайжруулахад шийдвэр гаргагчдад танилцуулах шаардлагатай гэж үзсэн 11 саналыг тусгажээ.