Сүүлийн үед инфлүүнсер буюу сошиал нөлөөлөгчид гэсэн ойлголт эрчээ авч байна. Техник, технологи, сошиал медиа платформуудын тусламжтайгаар бусдад нөлөө үзүүлж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж чаддаг хүмүүсийг сошиал нөлөөлөгчид гэж нэрлээд буй. Тухайлбал, дуучин, жүжигчин, олны танил, алдартай хүмүүсээс эхлээд хэн ч сошиал орчинд нөлөөгөө бэхжүүлж, хүрээгээ тэлэх боломжтой. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд олон нийтийн сүлжээ асар хурдацтай хөгжиж байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд 4.62 тэрбум хүн цахим сүлжээг идэвхтэй хэрэглэдэг гэх судалгаа бий. Тэд тик ток, юүтүб, инстаграм, фэйсбүүк, твиттер гэх мэт платформыг тогтмол ашигладаг аж. Хэрэглэгчид өдөрт эдгээр аппликэйшнд нийт 11.5 тэрбум цаг зарцуулдаг гэнэ. Нэг хэрэглэгч дунджаар хоёр цагийг зориулдаг юм байна.
Дэлхий дахинд сошиал нөлөөлөгчдийг хэд хэдэн түвшинд хуваажээ. Тухайлбал, нано буюу 10 мянгаас бага, бичил буюу 10-50 мянга хүртэлх, макро буюу 500 мянгаас олон, мега нөлөөлөгч буюу нэг сая ба түүнээс дээш дагагчтай алдартнууд хэмээн ангилаад буй аж. Сошиал нөлөөлөгчид нь дагагчдынхаа зан төлөвт шууд нөлөө үзүүлэхүйц хүчтэйгээрээ онцлогтой. Тэд сошиал платформд нийтлэл, дүрс бичлэг, зураг зэргийг тогтмол оруулж, даган дуурайдаг хүмүүстээ үргэлж нөлөөлдөг. Ингэснээр хүмүүс ихэвчлэн ямар нэг зүйл худалдаж авах, эсвэл хийхээр зорихдоо өөрсдийн санаа бодлыг бус, сошиал нөлөөлөгчдийн заавар, зөвлөгөөг дагах нь элбэг аж. Дээрх платформуудаас залуу үеийнхэн ихэвчлэн инстаграм болон тикток түлхүү ашиглах болсон. Тэгвэл дэлхийн хэмжээнд хэрэглэгчдийн идэвхтэй ашигладаг сошиал платформуудад хамгийн олон дагагчтай таван алдартныг танилцуулъя.
Уг жагсаалтыг Португалын хөл бөмбөгчин Криштиану Роналду 732 сая дагагчтайгаар тэргүүлжээ. Тэрбээр цахим хуудсаа идэвхтэй ашиглахаас гадна өөрөө хөтөлдөг юм байна. К.Роналду инстаграм, твиттер гэх хоёр төрлийн платформыг голчлон ашигладаг бөгөөд өдгөө бүх цаг үеийн хамгийн олон дагагчтай сошиал нөлөөлөгчөөр тодроод буй юм. Удаах байрт 589 сая дагагчтайгаараа АНУ-ын дуучин Селена Гомез эрэмбэлэгдэж байна. Тэрбээр инстаграм, твиттер хаягаа идэвхтэй хөтөлдөг нэгэн. Селена дуучнаас гадна сэтгэцийн эрүүл мэнд, эрх тэгш байдлын төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай. Ингэснээр тэр дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэгдүгээрт жагсжээ.
Харин гуравдугаарт “Victorious” болон “Sam and Cat” зэрэг олон ангит киногоор олны танил болсон дуучин Ариана Гранде эрэмбэлэгдсэн. Tүүний дараа 507 сая дагагчтай Кайли Женнер жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. Тэрбээр гэр бүлийн шоу нэвтрүүлэг болох “Kardashians”- аар анх олны танил болсон аж. Өдгөө тэрбээр өөрийн гоо сайхны брэнд болох “Kylie cosmetics”-ыг үүсгэн байгуулж дэлхийн хэмжээнд охид бүсгүйчүүдийн хүсэмжит бүтээгдэхүүнүүдийг ээлж дараалан үйлдвэрлэсээр байна. Түүний дагагчид нь ихэвчлэн 15-35 насныхан гэнэ. Зөвхөн гоо сайхан, арьс арчилгаа ч бус, түүний хувцаслалт, амьдралын хэв маягаас санаа авах зорилготой дагадаг хүмүүс ч цөөнгүй. Жагсаалтын тавдугаар байрт дуучин Жастин Бейбэр эрэмбэлэгдэж байна. Канад улсаас гаралтай эл дуучин цахим хуудсандаа 504 сая дагагчтай сошиал нөлөөлөгч юм.
Бэлтгэсэн У.Сүрэн