Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сард 38.9, дөрөвдүгээр сард 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9-25.7 хувиар өссөн үзүүлэлт болсныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Харин нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд бүх төрлийн тээврийн хэрэгслээр давхардсан тоогоор 48.9 сая хүн зорчсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 6.6 хувиар өсжээ. Үүний 27 хувь буюу 14.2 сая нь өнгөрсөн сард зорчсон байна. Дөрөвдүгээр сард авто тээврээр зорчигчдын тоо 2023 оныхоос 6.7 хувиар өсөж 13.9 сая, агаарынх 34.3 хувиар нэмэгдэн 138.7 мянгад хүрэв. Авто замын боомтоор ачаатай 11 222 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өнгөрөгч жилийнхээс 31.1, 61 976 машин гарсан нь 5.6 хувиар өссөн дүн гэнэ.