Цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор автомашин шатсан дуудлага сүүлийн өдрүүдэд онцгой байдлын байгууллагад цөөнгүй ирэх болжээ. Уржигдар гэхэд ахуйн галын 18, ой, хээрийн түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг, Хачигтын гол гэх газар энэ сарын 7-ны 16.50 цагт суудлын автомашин шатаж, галд нэг иргэн өртөж нас баржээ. Дуудлагын дагуу алба хаагчдыг газар дээр нь очиход “Hon¬da HR-V” загварын суудлын автомашин шатсаны улмаас 62 настай, тус сумын харьяат иргэн Л нас барсан байжээ.
Мөн энэ өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт ачааны автомашин шатаж, бараа, материал галд өртсөн байна. Улаанбаатар хотоос Шивээ хүрэн хилийн боомтын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн ачааны автомашин шатсаны улмаас тээвэрлэж явсан 14 тонн автомашины сэлбэг, уурхайн ажилчдын хувцас зэрэг бараа, материалаас гурван тонн орчим нь галд өртсөн гэнэ. Түүнчлэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт зорчиж явсан иргэн А-ийн суудлын автомашин бүрэн шатжээ.
Ташрамд дуулгахад, улсын хэмжээнд энэ он гарснаас хойш автомашин шатсан 118 дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, машинд асаагуур, үнэртүүлэгч, үнэртэй ус, цэвэр ус, нарны шил зэргийг орхихгүй, яндангийн оч баригчийг шалгах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.
Бэлтгэсэн Ч.Болор