Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний жилийн шалгаруулалтад тэнцэн гадаадад суралцаж буй оюутнуудад амьжиргааны зардал буюу стипендийг нь цаг тухайд нь олгохгүй байгаагаас залуус санхүүгийн хүнд байдалд ороод буйг “Өнөөдөр” сонин 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн дугаар дахь “Ерөнхийлөгчийн тэтгэлгийн үнэн буюу шилдэг сургуульгүй, стипендгүй оюутнууд” нийтлэлээрээ хөндсөн билээ. БНХАУ-ын Бээжин, Польшийн Радом, Британийн Бристол хотод суралцахаар очсон залуус манай сонинд энэ асуудлаар анх хандсан юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид оюутнуудад амьжиргааны зардал болгож сар бүр 200 ам.доллар олгоно хэмээн мэдэгдсэн ч гадаад руу явснаас хойших эхний таван сард ганц ч төгрөг өгөөгүйг тэд тухайн үед ярьж байв
Төрөөс зардал олгох учраас ар гэртээ дарамт учруулахгүй, хичээл сурлагадаа анхаарч, амьдарч болох нь хэмээн сэтгэл зовох зүйлгүй явсан оюутнууд эхнээсээ хүнд нөхцөлд орж, цагийн ажил хийн, гэр бүл, ойр дотнынхноосоо байнга туслалцаа авахаас аргагүйд хүрснээ хэлж байв.
Дээрх нийтлэлийн дараа тэдэнд Боловсролын зээлийн сангаас амьжиргааны зардлыг нь олгож эхэлсэн талаар залуус мэдэгдэж, талархал илэрхийлсэн. Тэгвэл одоо ч энэ асуудал бүрэн гүйцэд цэгцрээгүй, оюутнууд санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад ороод буй гэнэ. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Бээжингийн шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцагч 134 (нэгдүгээр дамжааны 54, хэлний бэлтгэлийн 80) оюутны төлөөлөл энэ асуудлаар манай сонинд хандлаа.
-Би Бээжингийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцдаг. 2022 онд уг тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, Монголдоо хэлний бэлтгэлд хамрагдаж байгаад 2023 оны гуравдугаар сарын 26-нд энд ирсэн. Өнгөрсөн жилийн намар буюу есдүгээр сараас албан ёсоор оюутан болж, мэргэжлээрээ суралцаж байна.
-Та бүхний амьжиргааны зардлыг одоо сар болгон хэвийн олгож байгаа юу?
-Сар болгон, тогтсон хугацаанд олгодоггүй. Есөн шидээр гуйлгуулж, баахан юм болж байж гурван сараар нь ч юм уу, бөөнд нь өгдөг. “Хэзээ өгөх вэ” гээд бүгд л асууж сураглан, шахаж шаардаж байж авдаг юм.
-Өөр оронд сурч байгаа оюутнуудын амьжиргааны зардлыг нэмсэн гэж та мэдээлсэн. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Европын орнуудад тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын амьжиргааны зардлыг өнгөрсөн оны намраас хоёр дахин нэмж, 400 ам.доллар болгосон юм билээ. Польш, Унгар, Герман зэрэг улсад амьдрах урсгал зардал нь Бээжингийнхээс харьцангуй бага, мөн суралцангаа ажил хийх боломжтой. Харин энд суралцахын хажуугаар хөдөлмөр эрхлэхийг хууль, журмаар хатуу хориглодог. Бидэнд олгодог 200 ам.доллар буюу 1200-1300 юань амьжиргаанд огт хүрэлцдэггүй. Тиймээс бид бусад оронд суралцагчидтай ижил хэмжээний амьжиргааны зардал авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Яагаад ингэж ялгавартай нэмснийг ойлгохгүй байна.
-Зарим оюутны амьжиргааны зардлыг нэмсэн гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Одоо Польш, Унгарт суралцаж байгаа, өмнө нь хэлний бэлтгэлд хамт сурч байсан найзуудаасаа өнгөрсөн оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сард энэ талаар дуулсан. Өөр улсад сурч буй хүүхдүүдээс лавлаж асуухад ч нэмчихсэн байсан. Германд суралцагсдынхыг сүүлд нь нөхөж олгосон гэсэн.
-Энэ талаар албан ёсны тайлбар, мэдээлэл авч чадсан уу. Хаана хандсан бэ?
-Боловсролын зээлийн санд, мөн Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал гэдэг хүнд хандсан. Тодорхой мэдээлэл, хариу өгөөгүй. Засгийн газар, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаныханд амьжиргааны зардлаа нэмүүлэх хүсэлт гаргасан. Одоо болтол ямар нэгэн хариу өгсөнгүй. Амьжиргааны зардлыг БШУ-ы сайдын тушаалаар нэмдэг учир саналыг чинь холбогдох хүмүүст танилцууллаа л гэсэн.
-Амьжиргааны зардалтай холбоотой албан ёсны, тодорхой мэдээллийг хөтөлбөрт тэнцэхэд, гадаад руу явахаас өмнө өгсөн үү. Хятадад очсоноос хойш хэр удаж байж олгосон бэ?
-Бид Бээжинд 54-үүлээ ирсэн. Явахаас өмнө “Та нарт амьжиргааны зардал болгож сар бүр 200 ам.доллар олгоно” гэж хэлсэн юм. Ирсний дараа шууд шилжүүлчхээгүй. Бас л бөөн асуудал үүссэн. Хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан, фэйсбүүкээр ч өчнөөн юм бичсэн. Ингэж байж данс руугаа мөнгө хийлгэсэн.
Хятадад бараа, бүтээгдэхүүний үнэ хямд, амьдрах өртөг зардал бага гэж бодсон тул анх 200 ам.доллар хангалттай хүрэлцэнэ гэж тооцоолсон. Гэсэн ч нөхцөл байдал төсөөлснөөс өөр байлаа. Олон улсад өргөн хэрэглэдэг “Facebook”, “Google”, “Youtube” зэргийг Хятадад хориглодог тул VPN ашиглахаас эхлээд эрүүл мэндийн даатгал, утасны төлбөр, виз мэдүүлгийн хураамж төлөх, хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлсээ авах гээд өдөр тутмын зардал өндөр. Хувцсаа угаалгын машинаар угаахдаа хүртэл мөнгө төлдөг. Ийм байхад бидний сар тутмын зардлыг яагаад хугацаанд нь олгодоггүй, мөн харилцан адилгүй хэмжээгээр өгч буйг үнэхээр ойлгохгүй юм.
Манай сургуульд өөр олон орны оюутнууд тэтгэлгээр суралцдаг. Бакалаврын түвшний оюутнуудынх нь сар бүрийн тэтгэлэг багадаа 2200, магистрынх нь 3000 юань байдаг юм билээ. Харин биднийх үүнээс хоёр дахин бага.
-Ажил хийх хориотой гэлээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Бээжинд сурч байгаа бүх оюутан ажилладаггүй гэж ойлгож болох уу?
-Энд хөдөлмөр эрхлэхийг хуулиар хориглодог. Ангийн багш маань “Цэцэрлэгийн хүүхдэд ганц ширхэг ханз заах нь ч хууль бус шүү” гэж анхааруулсан. Энд байгаа хүүхдүүдийн нэг нь ч ажил хийдэггүй. Бүгд аав, ээжээсээ, гэрийнхнээсээ хэрэглээний мөнгөө авдаг. Би гэхэд л гэрийнхнээсээ 200, 300 мянгаар мөнгө гуйдаг. Заримдаа санаа зовоод хэлж ч, гуйж ч чаддаггүй. Мөнгө байнга өгөх боломж тэдэнд байхгүй шүү дээ. Өөрсдөө ажил хийгээд хэрэглээний мөнгөө олъё гэхээр хориотой. Хаана, хаанаа хүндрэлтэй байна. Эндхийн оюутнууд бүгд л ийм байдалтай байгаа. Зарим нь хэрэглээгээ танаад, хоол ундаа хүртэл сойдог болсон. Байнга санхүүгийн асуудалтай, наанадаж утасны төлбөр, хувцас угаах мөнгөө шийдэж чадахгүй байхаар сэтгэл зүй тогтворгүй, стресстдэг юм билээ. Энэ нь суралцахад хүртэл нөлөөлдөг юм шиг санагдсан. Бусдыгаа ингэж ярьж байхыг ч сонссон. Миний ойр дотнын, таньдаг хүүхдүүдээс 3-4 нь өвөл, зуны амралтаараа Монголд очиж ажил хийн, хэрэглээний зардлаа залгуулдаг. Амарч ч чаддаггүй гэсэн үг.
-Тэтгэлгийн хэмжээ бага, хугацаанд нь олгодоггүй зэргээс болоодта бүхэн төдийгүй гэр бүлийн хэн нь санхүүгийн дарамтад ороод буй гэж ойлголоо. Тийм үү?
-Тийм ээ. “Сар сардаа мөнгөө аваад, түүгээрээ зардлаа зохицуулаад болоод байх юм байна” гэсэн бодолтой ирсэн. Гэтэл сардаа ч өгч байгаа юм алга. Оюутнууд “Энд сурснаас Монголдоо амьдарсан нь дээр байж. Ядаж л гэртээ тухтай, хоол ундтай” гэж ярьж байна. Хэрэв бид Монголдоо сурсан бол энэ жил гуравдугаар дамжаанд элсээд, ирэх онд төгсөх байлаа. Зарим нь санхүүгийн асуудлаас болоод, ар гэртээ хүндрэл учруулж буйдаа харамссан байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна. “Яах гэж энд ирэв ээ” гэх жишээний. Тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд сургуулиа төгссөний дараа Монголдоо очоод сонгогдсон аймаг, сум, дүүрэгтээ (ЭЕШ өгсөн газартаа) мэргэжлээрээ заавал таван жил ажиллаж, нийгмийн даатгал төлөх ёстой.
-Хөтөлбөрт хамрагдагсад болон тэдний гэр бүлийн хэнд эхнээс нь тодорхой мэдээлэл өгсөн бол бэлтгэлтэй, багцаа баримжаатай байх байсан болов уу. Энд ирэхээсээ өмнө суралцахын хажуугаар ажил эрхлэх боломжгүй гэж мэдээгүй хэрэг үү?
-Ажил хийхийг хориглодог гэдгийг нь судлаад мэдчихсэн байсан л даа. Гэхдээ амьдрах зардал өндөр гэдгийг мэдээгүй, бидэнд ч хэлээгүй. Сар бүр олгоно гэх амьжиргааны зардалдаа найдаад л, асуудалгүй гэж бодсон. Яг ямар тооцоололд үндэслэж бидэнд 200 ам.доллар олгохоор тогтоосныг мэдэхгүй юм. Олон улсын сайтуудаас уншиж судлахад, Хятадад байрны түрээсийн мөнгөө оруулж тооцохгүйгээр амьдрахад сард хамгийн багадаа 660 ам.доллар шаардлагатай гэсэн байсан. Амьжиргааны зардлаа нэмүүлэх хүсэлт гаргахдаа энэ судалгааг хавсаргасан. “Хятадад амьдрахад хэр зардал шаардах вэ” гээд интернэтээс хайхад л хангалттай мэдээлэл, тооцооллууд гарч ирж байгаа юм. Хөтөлбөр хэрэгжүүлэгчид харин ямар тооцоолол, судалгаанд тулгуурлан хаанаас 200 ам.доллар гаргаж ирсэн юм бол.
-Өөр оронд суралцаж байгаа найзуудтайгаа мэдээлэл солилцож, харилцаа холбоотой байгаа болов уу. Тэд ямар нөхцөл байдалтай амьдарч буй бол?
-Европт очсон хүүхдүүд ажил хийх боломжтой учраас харьцангуй асуудал бэрхшээл багатай. Өртөг зардал нь ч боломжийн. Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр нь 20-40 мянган төгрөг байдаг гэсэн. Бид жил болгон 600- 800 юаниар суралцах виз мэдүүлдэг. Харин Европын орнуудад ингэдэггүй. Эрүүл мэндийн даатгал, утасны төлбөр ч гэж төлдөггүй. Боломжтой бол үнэхээр ажил хиймээр байна. Хэрэв энд нууцаар ажил хийгээд баригдвал тэтгэлгийг нь зогсоогоод, буцаах юм билээ. Хуульдаа ингэж заасан байдаг.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Бээжин хотод суралцагч залуус энэ оны гуравдугаар сарын 3-нд Монгол Улсын Засгийн газар, Боловсролын зээлийн сангийн Ажлын албанд амьжиргааны зардлаа нэмүүлэх хүсэлт гаргажээ. Тэд үүндээ “Бид энэхүү хүсэлтийг гаргахаасаа өмнө Бээжинд байгаа 134 оюутны 115-ыг нь хамруулан судалгаа хийсэн. Тэдний 98 хувь буюу 113 нь төлбөртэй VPN ашиглахад сард дунджаар 36 600, жилд 430 мянган төгрөг зарцуулдаг. 17 хувь нь 300 000 хүртэлх, 30 хувь нь 300 000-500 000, 23 хувь нь 500 000-750 000, 17 хувь нь 750 000-1 000 000, 14 хувь нь 1 000 000-аас дээш хэмжээний төгрөгийг сар болгон гэр бүлийнхнээсээ амьжиргааны зардалд авч байна. Виз мэдүүлгийн хураамж болон даатгалд жилд нийт 800, дата худалдаж авахад 200 мянган төгрөг төлдөг. Мөн оюутнууд хоол хүнснээс гадна академик боловсролдоо 20 000-500 000 төгрөг тогтмол зарцуулдаг. “Амьжиргааны зардлаа нэмүүлэхийг хүсэж байна уу” гэх асуултад оюутнуудын 99 хувь нь “Тийм” гэж хариулсан” хэмээжээ. Харамсалтай нь, тэдэнд одоо болтол ямар нэг хариу өгөлгүй хүлээлгэсээр байгаа аж.