Монгол Улсад хууль, дүрэм, журмыг бүрэн хэрэгжүүлсэн бол хүний эрхийг бага зөрчиж, салбар бүр өнөөдрийнхөөсөө өөр түвшинд хүрэх байсан болов уу. Цаасан дээр үлдсэн олон хуулийн нэг нь Монгол хэлний тухай хууль. 2015 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн уг хуулиар уран зохиолын хичээлд хүүхдүүд нэгдүгээр ангиасаа шамдаж, гудамж талбайд гадаад хэлээр бичсэн ганц ч хаяг харагдах ёсгүй. Мөн 2013 онд Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын 37 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор хот, суурин газар, төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирилл бичгээр бичихийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгоод хэдийн 11 жил өнгөрчээ. Харин ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт авах ажлыг цалгардуулалгүй хэрэгжүүлж буй. Өөрөөр хэлбэл, мэргэжил сонголтоос үл хамааран монгол хэл, бичгийн шалгалт заавал өгч, тэнцсэн тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжтой.
Монгол хэл, бичгийн энэ оны шалгалтыг өнгөрсөн сарын 6-нд зохион байгуулсан. Улсын хэмжээнд 33 361 хүүхэд шалгалт өгснөөс 5389 нь тэнцээгүй. Ер нь жил бүр нийт шалгуулагчийн 15-16 хувь буюу 5000-6000 хүүхэд босго онооны болзол хангаж чаддаггүйг Боловсролын үнэлгээний төвийнхөн хэлэв. Босго оноотой болгосноор жил ирэх тусам хүүхдүүдийн гүйцэтгэлийн оноо ахиж, үр дүн гарч байгаа хэмээн тус төвийн мэргэжилтнүүд үзэж байна. Авбал зохих 50 онооноос 27, 28-аар босго давж, тэнцэж буй нь 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэйгээр их, дээд сургуульд элсэх эрхтэй болж буйг онцолсон юм. Мөн үндэсний цөөнх гэгддэг Баян-Өлгий аймгийн сурагчид хоосон цаас хураалгадаг байсан бол үгийн сангийн нөөц баялаг нь нэмэгдсэн гэнэ.
Тус төвийн элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал “Бид тав хоногийн хугацаанд хүүхэд, эцэг, эхчүүдээс санал хүсэлт хүлээн авлаа. Шалгалтад тэнцэхэд ганц, хоёр оноо дутсан хүүхдүүдийн эцэг, эх өргөдөл өгсөн. Үүн дотор IELTS, TOEFL-ын шалгалтад өндөр оноо авсан хүүхэд цөөнгүй байсан. Англи хэлийг гайхамшигтай сурсан ч эх хэлээрээ илэрхийлэх, ойлгох, орчуулах шаардлага тулгарна. Монгол хэлээрээ алдаагүй зөв бичиж, найруулж чаддаг болсны дараа англи хэл сурвал төгс эзэмшиж чадна. Гэтэл хүүхдүүд англиар хэлд орж, ярьж буй нь эх хэлний дархлааг сулруулж байна. Үүнд төрийн бодлого хэрэгтэй. Гадаад хэлийг гарамгай сурчхаад яагаад эх хэлээрээ өгч буй шалгалтад 400 онооны босго давж чадахгүй байна вэ гэдэг нь том асуудал. Зөвхөн англи хэл гэхгүй бусад хичээлээр улсын олимпиадад шагналт байрт шалгарсан хүүхдүүд ч монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрсэн нь бий. Улсын олимпиадад оролцсон гэрчилгээг нь авч ирээд нэг, хоёр оноо нэм гэж хандах эцэг, эх цөөнгүй байна. Оноо нэмэх боломжгүй. Хүүхдүүд хэт нэг хичээлдээ анхаарч, туйлшраад, эх хэлний боловсролоо орхигдуулж байгаа нь харам салтай. Хичээлийг гол болон туслах гэж ялгаж заадаг нь ч нөлөөлж байна” гэв.
Зарим хүүхдэд их, дээд сургуульд элсэхэд нь ихээхэн тээг саад болж буй монгол хэл, бичгийн шалгалтын агуулга хэр хүнд байдгийг салбарын мэргэжилтнээс лавлахад “хөнгөн” хэмээн тодотгосон. Учир нь уг шалгалтаар үг, үсэг, найруулга зүйн алдаагүй бичих, үндэсний бичгээрээ уншиж, хөрвүүлж чадаж буй, эсэхийг л шалгадаг байна. Жишээ нь, энэ нь шалгалтад “Миний ирээдүйн амьдрал” гэсэн зөгнөлт зохион бичлэг (200-250 үгтэй) бичих даалгавар иржээ. 20, 30 жилийн дараах амьдралаа төсөөлөн, ирээдүйд хүсэж, мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж яваа мэтээр сонирхолтойгоор бичсэн нь олон байж. Гэтэл тодорхой сэдвийн хүрээнд өөрийн санаа бодлоо цэгцтэй илэрхийлээгүй, зөв бичих дүрэм, найруулга зүйн алдаатай бичсэн хүүхдүүд шалгалтад бүдэрчээ. Түүнчлэн босго оноог давахад хамгийн их бэрхшээл учруулсан нь үндэсний бичигтэй холбоотой даалгаврууд гэнэ. Тодруулбал, тэнцээгүй хүүхдүүдийн цөөнгүй нь 40-50 үгтэй бичил эхийг орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэх даалгаврыг огт хийгээгүй байна. Энэ тухайд Д.Энхжаргал “Монгол хэл, бичиг болон элсэлтийн ерөнхий шалгалтын хувьд ч хамгийн муу гүйцэтгэлтэй нь үндэсний бичгийн даалгавар. Хэдийгээр зургаадугаар ангиас нь эхлэн монгол бичиг зааж байгаа ч хэрэглээ алга. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо давсан хүүхдүүд 83.2 хувийг эзэлж байна. Харин 16.8 хувь нь монгол хэл, бичгийн чадвар эзэмшиж чадаагүй. Залуусын 17 орчим хувь нь эх хэлээ мэдэхгүй байна” гэв. Энэ шалгалт нь эх хэлний дархлааг тогтоох, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой учраас цаашид тогтмол зохион байгуулах саналтай байгаагаа Боловсролын үнэлгээний төвийнхөн салбарын яамандаа уламжилсаар иржээ. Гэвч 2026 оноос суралцах чадварын шалгалтад математик, монгол хэлний хичээлийг нэгтгэж оруулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамныхан ярих болсон гэнэ. Харин тэд монгол хэл, бичгийн шалгалтыг дангаар нь юм уу, эсвэл түүхийн хичээлтэй холбож зохион байгуулбал эх хэл, түүхээ мэддэг монгол иргэн төлөвшинө гэж үзэж буй аж. Ирэх долоодугаар сард төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалт өгч, мэргэжлээ сонгоно. Математик, англи хэл, нийгэм судлалын хичээлээр шалгалт өгдөг хүүхдүүд жил бүр хамгийн өндөр тоотой байдаг. Ялангуяа англи хэлийг монголоосоо илүүд үзэж, идэвхийлэн сурч буйн нэг илрэл нь элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй хүүхдүүдийн тоо. Өөрөөр хэлбэл, англи хэлээр шалгалт өгсөн сурагч монгол хэлнийхээс ямагт олон байжээ.
Технологийн хөгжлийг дагаад хүмүүс хоорондоо үг товчлох, латин үсгээр бичих зэргээр харилцаж байгаа нь зөв бичгийн дүрэм, эх хэлний хэм хэмжээг алдагдуулж байна гэж үзэх багш цөөнгүй. Сэлэнгэ аймгийн Мандал сумын IV сургуулийн монгол хэл, бичгийн багш У.Сувдансондор “Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхэд бүрээс авах нь зөв. Эх хэлээрээ зөв сайхан бичих, уншаад ойлгох, зохион найруулах чадваргүй сурагч бусад хичээлдээ амжилт гаргах нь юу л бол. Уншихгүй бол сэтгэхгүй шүү дээ. Хэл, бичгийн энэ шалгалт нь цаашид хүүхэд их, дээд сургуульд сурч чадах, эсэхийг тогтоох хэмжүүр. Би хичээлээ заахдаа тоглоомын арга ашигладаг. Жишээлбэл, үндэсний бичгийн шүд, шилбэ зэрэг зурлагыг эд, эрхтэнтэй нь холбож, биеийн хөдөлгөөнөөр тогтоох аргаар үсэг нүдлүүлдэг. Хүүхдийг байнга хуулан бичүүлж залхаахгүйгээр сонирхлыг нь төрүүлж чадвал хичээлдээ дурлаж, сурах хүсэлтэй болдог. Зохион найруулан бичих чадварын хувьд багш тодорхой чиглэл өгөх хэрэгтэй. Гарчиг өгөөд л орхичихвол ерөнхий л зүйл бичнэ” гэв.
Монгол хэл, бичгийн шалгалтад 400-гаас өндөр оноо авч, тэнцсэн шалгуулагчийн тоогоор Хөвсгөл аймаг тэргүүлсэн бол Баян-Өлгий сүүл мушгисан байна. Баян-Өлгийд432 хүүхэд 400-гаас бага оноо авсан нь амжилтаас хойш татжээ. Тус аймгийн тухайд монгол хэл хоёрдогч хэл учир “харж үзэж” болох. Гэхдээ Монгол хэлний тухай хуульд “Үндэстний цөөнх монгол хэл болон эх хэл дээр боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэх ажлыг зохион байгуулах” хэмээснийг дурдахад илүүдэхгүй биз. Эл шалгалтын дараахан Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрынхан монгол хэлний багш нартаа арга хэмжээ авахыг сургуулийн захиргаанд нь үүрэгдсэн. Учир нь Завханы хүүхдүүд өнгөрсөн оныхтой харьцуулахад тааруу оноо авсан нь дарга нарыг ингэж уурсахад хүргэжээ. Шалгалтын дүнг аймаг, дүүргээр нь нийтэд зарлахаар энэ мэтээр багш нарын цалинтай холбоотой асуудал үүсдэгийг Боловсролын үнэлгээний төвийнхөн хэлсэн. Сурагчид тэнцэхгүй байх нь зөвхөн багшаас хамаарахгүйг ч тэд онцолж буй.
Хүүхдүүд зургаан настайгаасаа эхлэн 12 жилийн турш эх хэлээ үзэж, судалж байна. Гэвч төрөлх хэлээр нь авч буй шалгалтад жил бүр хэдэн мянган хүүхэд бүдэрч байгаа нь эх хэлний сургалтын чанарт анхаарах шаардлага үүссэнийг харуулж байна. Энэ байдлаараа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах хуулийг хэрэгжүүлэхэд багагүй бэрхшээл тулгарах бололтой.