“Улаанбаатар марафон 2024” олон улсын марафон энэ сарын 25-нд болно. Тус тэмцээн нь үндсэн зургаан төрөлтэй бөгөөд хамгийн богино буюу 1.5 км зайд тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой. Тэгвэл таван км-ийн зайд 12-17, 18 болон түүнээс дээш насныхан оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг юм байна. Харин 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг. 21 км-ийн гүйлтэд 18-34, 35-54, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой агаад бүртгэлийн хураамж нь 50 мянган төгрөг гэнэ. Хамгийн урт буюу 42 км-ийн гүйлтэд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд хураамж нь 60 мянган төгрөг байх нь. Харин тусгай олимп төрөл буюу 500, 800 метрийн зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй гэж нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээлэв.
Ташрамд дурдахад, марафонд гүйх хүсэлтэй иргэд ubmar¬athon.hipay.mn цахим хуудас болон “Hipay” аппликэйшнээр бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон бүртгэлийн хураамж төлсөн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгох аж.
Бэлтгэсэн М.Оч