Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалан, энэ оны гуравдугаар сарын 1-нд хэлэлцээд цагаатгасан юм. Ж.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж шалгаж эхэлсэн. Тэрбээр өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авч байсан гэдгийг хууль сахиулагчид тогтоосон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, “Люлюлимон”, “Левайс”, “Эм энд Эс”, “Бурберри”, “Пума”, “Поло”, “Найк”, “Ээш”, “Майкл корс”, “Кос”, “Юникло”, “Массимо дутти”, “Гуччи”, “Келвин клайн”, “Адидас”, “Тимберланд”, “Скейчерс” гэх мэт брэндийн пүүз, өмд, цамц, футболка, костюм, пиджак, цув зэргийг хахууль болгож авсан хэрэгт холбогдсон юм.
Мөн эхнэрийнхээ нэр дээр Баянзүрх дүүрэгт 100 ам метр үйлчилгээний талбайг эмнэлгийн зориулалтаар оффис авахдаа эрх мэдлээ ашигласан, төрсөн дүүгийнхээ үүсгэн байгуулсан “Шилийн их баян” ХХК-д БОАЖЯ-наас 2011 онд таван жилийн хугацаатайгаар Богдхан уулын тусгай хамгаалалттай нутгийн Арцатын аманд олгосон 0.9 га талбайг иргэн Д.Энхтуулд 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж шууд худалдан авахыг тулган шаардсан хэрэгт буруутгагдсан. Бас “Эф эл финанс лайн” ХХК-ийн өмчлөлд байсан орон сууцыг 282.5 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 100 саяд нь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай, “Блюворлд” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг шилжүүлэхээр болж, эхнэрийнхээ “Нейро хелд” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. НПГ-аас Ж.Ганзоригт Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар хахууль авсан”, 22.1-2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх Ж.Ганзориг, Д.Энхтуул нарт холбогдох хэргийг хэлэлцээд хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” хэмээн цагаатгах тогтоол гаргасан. Үүнийг НПГ-ын хяналтын прокурор Б.Содбаяр эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр хэлэлцээд, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.