Берлиний Хумболтын их сургуулийн Монгол судлалын салбарын эрхлэгч А.Ганчимэг уйгуржин монгол бичгийн сурах бичгийг англи хэлээр хэвлүүлжээ. Монголчуудын хэл, соёл, түүхийг сонирхсон хүн бүрд зориулсан эл номд монгол бичгээр жишээ үг, өгүүлбэрийг галиг, кирилл үсгэн тайлбар, англи орчуулгатайгаар багтаасан байна. Орчин цагийн монгол хэл, кирилл үсгийн мэдлэггүй хүн ч уг номоор дамжуулан уйгуржин бичгийг сурах боломжтой гэнэ. Монгол бичгээр уншиж, бичиж сурахаас гадна монголчуудын хэл яриа, соёл, түүхтэй холбоотой сэдвүүдтэй танилцаж болох нь. Тухайлбал, монгол бичгээр компьютерт бичих, бусад улс оронд ашигладаг монгол бичгээр хөтөлдөг цахим хуудаснуудын талаарх мэдээлэл зэргийг багтаажээ. Мөн буриад, халимаг, ойрад, барга, өвөр, халх, дээд монголчуудын аман аялгууны онцлогийг харуулсан сонирхолтой жишээ, архивын түүхэн баримтын хуулбар бий аж. Үүний сацуу Барууны залуучуудын өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг жишээ үг, өгүүлбэрүүд, орчин цагийн сонирхолтой сэдвүүдийг агуулсан байна.
Барууны орнуудад 1990-ээд оноос хойш монгол бичгийн ямар ч ном хэвлүүлээгүй аж. Монгол бичгээр хэвлэж чадахгүй учраас дасгал ажлын дэвтэр, ном зэргийг Монголд хэвлүүлэн аваачдаг байсан бол энэ удаа ХБНГУ-ын Висбаден хотноо “Dr. Ludwig Reichert Verlag” хэвлэлийн газарт анхлан хэвлэжээ.