“Thanks man” ТББ-ын дэргэдэх “Thanks student” клубээс зохион байгуулсан гудамжны, хамтлаг бүжгийн аварга шалгаруулах “Hype off” тэмцээний шилдгүүдийг өнгөрсөн бямба гарагт Тусгаар тогтнолын ордонд тодрууллаа. Тусгаар тогтнолын ордны байр энэ өдөр үүднээсээ эхлээд л өнгө өнгийн, гял цал хувцсаар жигдэрсэн залуусаар дүүрсэн байв. Бүгд л 14.00 цаг болж тэмцээн эхлэхийг тэсэн ядан хүлээнэ. Хоёр дахь жилдээ зохион байгуулсан эл тэмцээний эцсийн шатанд нийт 15-20 хүний бүрэлдэхүүнтэй 11 багийн залуус өрсөлдсөн юм. Тэднээс О.Очирлхагва ахлагчтай “Citara” багийн залуус тэргүүлж, гурван сая төгрөгийн эзэд боллоо. Тэд 15-уулаа хэдий ч нэг хүн мэт жигд хөдөлж, нэгнээ мэдрэх нь сонирхолтой. “Citara”-гийнхан бүжгээ компьютер графиктай хослуулан яг л кино мэт үзүүлбэрийг толилуулснаараа бусдаас ялгарсан юм.
Тус тэмцээнийг үзэж, найз нөхдөө дэмжихээр ирсэн оюутан залуусаар Тусгаар тогтнолын ордны их танхим дүүрчээ. Зөвхөн оролцогчид бус, үзэгчид ч энэхүү тэмцээнд зориулан өвөрмөц дүр төрхийг бүрдүүлсэн байх аж. Түүнчлэн тайз засал, гэрэлтүүлэг, бүжигчдийн хувцас, хэрэглэгдэхүүнээс харахад манай улсад гудамжны бүжгийн урлаг эрчээ авч буйг илтгэх мэт. “Hype off” тэмцээний оролцогч Б.Тэргэл “Энэ тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байна. Анх сэтгэл зүйн байдлаа тогтвортой болгох, турах зорилгоор найзуудтайгаа хамт бүжиглэж эхэлсэн. Харин явцын дунд бүжгийн урлагт хайртай болж, олон давуу талтайг нь мэдсэн. Тухайлбал, бүжгээс хүн тайтгарал, тэвчээр, эрч хүч, цог золбоог мэдэрч болдгийн бодит гэрч болсон” гэв. Дуу хөгжим гэдэг хүний амьдралын аз жаргалтай хийгээд зовлонтой бүхий л цаг үед хамт байж баяр, гунигийн аль алийг нь илэрхийлж, тайтгаруулж чаддаг увдистай аж.
“Hype off” тэмцээний үзэгчдийн нэг Д.Ананд “Би бүжиглэх дуртай. Гэхдээ энэ удаад тэмцээнд оролцож амжаагүй учраас найзуудаа дэмжихээр ирсэн. Хип хоп, тэр дундаа гудамжны бүжгээр хичээллэдэг хүмүүст элдэв зүйл бодох сөхөө гардаггүй юм шиг санагддаг. Учир нь тэд дууны үг аяыг, мэдэрч түүндээ тохирсон хөдөлгөөн хийхийг үргэлж эрэлхийлдэг. Залуустаа хандаж хэлэхэд өөрийгөө эвсэлгүй гэж голж суухын оронд зүгээр л зориглоод ямар нэгэн дугуйлан, эсвэл найзуудтайгаа бүжиглээд аяа мэдрээд үзээрэй гэж зөвлөе. Гол нь хэнээс ч бүү санаа зов. Тэгээд л та бүжгийн урлагт эргэлт буцалтгүй дурлах болно” гэсэн юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн