2024 онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулав. Урьдчилсан төлөвлөгөөгөөр энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор бүхий долоон барилгыг ашиглалтад оруулна.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай нийт 30 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээр барилгын ажил зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалсан, барилгын төсөв нэмэгдсэн зэргээс үүдэн удааширч байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хэллээ.