Европын аварга шалгаруулах үндэсний бөхийн анхны барилдааныг Бельгийн Монголчуудын ТББ-уудын нэгдсэн зөвлөл, Европ дахь үндэсний спортыг хөгжүүл “Сэр-Очир” төв, “Соёмбо тв” хамтран тавдугаар сарын 25-нд зохион байгуулна. Бельги улсын нийслэл Брюссель хотноо Монголчууд бидний үндэсний бахархал, өв соёлын дахин давтагдашгүй сан хөмрөг монгол үндэсний бөхөө монгол ахуйгаасаа хол амьдарч буй хүүхэд залуучуудад өвлүүлэх, тэдний өв соёлоороо бахархах мэдрэмж, чин хүсэл сонирхолыг улам бадраах зорилгоор тус барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бидний монголчуудын мянга мянган, зуу зуун жилийн турш хуримтлуулан монгол гэдэг үндэстний үндсийг өнөө хүртэл авч ирсэн цорын ганц амьд их өв соёл, улсын хэргэм цол нь Эзэн Чингис хааны үеийн нэртэй бөхчүүд Бүри бөх, Бэлгүтэй нараас улбаатай монгол үндэсний бөх монгол газар шорооноосоо хальж тив, дэлхий дахинд түгэн дэлгэрч хүн төрөлхтний спортын сан хөмрөгт оруулж байгаа өвөрмөц онцлог юм. Хүүхдийн барилдаанд энэ удаа 8-10 насны хүүхдүүд бүртгэхээр төлөвлөжээ.