Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллав. Төв аймгийн Батсүмбэр сумд үйл ажиллагаа явуулдаг эл төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёлын үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг. Одоогоор 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 117 нь эрэгтэй, 65 нь эмэгтэй аж. Батсүмбэр сумын төвөөс тус төв хүртэл 7.7 км замыг хатуу хучилттай болгох хөрөнгөөс гадна барилгын дээвэр, уурын зуухыг шинэчлэх, ахмадуудад нэн шаардлагатай автобус зэргийг худалдан авах 500 гаруй сая төгрөгийг энэ оны улсын төсөвт тусгасан байна.
Түүнчлэн өнгөрсөн сарын 1-нээс ажилтнуудынх нь үндсэн цалин, орон нутагт ажилласны урамшууллыг тодорхой хувиар нэмжээ. Одоогоор нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутмаг байгаа гэнэ. Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн 12 асрамжийн газар ажиллаж буй аж. Эдгээрт 400 гаруй ахмад настан амьдарч байна.
Бэлтгэсэн У.Наран