“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас танилцуулаад буй. Тэгвэл нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод энэ жил ой хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөснөө мэдээлэв. 2024 оны хавар, намар нийслэлд ойжуулах, нөхөн сэргээх зорилгоор 12.9 мянган га талбайд 20.7, хамгаалалтын зурвасын зориулалтаар 3.3 мянган га талбайд 34.3, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд 3.7 мянган га талбайд 65, нийт 120 сая ширхэг мод, бут нэмж тарихаар болсон байна. Үүнийг хэрэгжүүлснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 30 ам метрт хүргэж, нийт газар нутагт эзлэх ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 23 хувь болгох боломжтой гэж судлаач, мэргэжилтнүүд тооцоолжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл