Жишээ:1
Гүйцэтгэлийн үнэлгээний асуулгыг хүүхдийнхээ хамт бөглөж үзлээ. Энэ асуулгаар үнэлүүлсэн багш нар ташраараа “муу” дүн авахаар байна. Асуулт нь анхнаасаа үг, үсэг, найруулга зүйн алдаатай. Багш нараа үнэлэхийн тулд хүүхэд эхлээд асуултаа ойлгох ёстой биз дээ. Жишээлбэл, “Багш сургуулийн орчинд тохиолдсон аливаа хэлбэрийн дээрэлхэлт дарамт, ялгаварлан гадуурхалтын талаар намайг хандахад анхааралтай сонсон, байнга зөвлөж тусалдаг” гэсэн асуулт байгаа юм. Хариулт нь “санал огт нийлэхгүй”, “санал дийлэнхдээ нийлэхгүй”, “зарим талаар санал нийлнэ”, “санал нийлнэ”, “бүрэн санал нийлнэ” гэсэн сонголттой. Эхлээд ийм асуудлын талаар багшдаа хандаж үзсэн үү гэж асуугаад “тийм” гэвэл “Чамайг хандахад анхааралтай сонсож, тусалсан уу” гэж гол зүйлээ тодруулбал хариулахад илүү хялбар.
Хэрэв дээрх асуултад “Үгүй” гэж хариулсан тохиолдолд шалтгааныг тодруулна. Харин дээрэлхэлтэд өртсөн ч багшдаа хандаагүйн шалтгааныг мөшгөвөл өөр үр дүн гарахаар байгаа юм. Ингэж нэг асуултад хэд хэдэн агуулга багтаасан нь хүүхдийн толгой эргүүлж, төөрөгдүүлж байна. Манай хүүхэд гэхэд энэ асуултад “санал огт нийлэхгүй” гэх хариулт сонгожээ. Учир нь ийм асуудлаар багшдаа хандаж үзээгүй учраас тэр. Гэтэл энэ хариултаас шалтгаалж багш нь сурагчдаа сонсдоггүй, дээрэлхүүллээ гэхэд тоодоггүй болж таарах нь.
Жишээ:2
Бүх асуултын хариулт ижил байсан. Хариултыг автоматаар түүж боловсруулахад хялбар байдлаар хийжээ. Хариултдаа тааруулж оновчтой байхаар асуултаа боловсруулах ёстой. Асуудлыг олж шийдэх зорилгоор биш, багш, сурагчдын цаг барсан, цаас үрсэн шал дэмий ажил болжээ.
Жишээ:3
Сургуулийн Сурагчдын зөвлөлийн талаар олон асуулт асуулгад байсан. Эхлээд “Танай сургуульд сурагчдын зөвлөл байдаг уу” гэж асуух хэрэгтэй. Гэтэл Сурагчдын зөвлөлийн үйл ажиллагааны талаар баахан асуулт хөвөрнө. Нөгөө хүүхэд нь Сурагчдын зөвлөл байдаггүй гэж бодсон учраас үнэлж мэдэхгүй. Даанч хариултын сонголтод нь “мэдэхгүй” гэх хувилбар байхгүй. Тиймээс “огт санал нийлэхгүй” гэсэн хариултыг дугуйлахаас өөр аргагүй болж байгаа юм. Үр дүнд нь “хөгийн” Сурагчдын зөвлөлтэй сургууль болчихлоо. Асуултын 80 хувь нь энэ мэт логик зөрчилтэй. Хэрэв энэ удаагийн үнэлгээгээр багш нар “муу” дүн авбал заргалдах хэрэгтэй. Анхнаасаа буруу асуултаас ямар зөв хариулт хүлээх вэ.
Жишээ:4
Эцэг, эх сургуулийг үнэлэх асуулгад ариун цэврийн өрөөний цэвэрлэгээний талаар асуулт орж ирсэн. Энэ асуултад эцэг, эхчүүд “хангалтгүй” гэж хариулбал цаана нь хүний нөөц дутмагийг илтгэж байна. Үүнийг харьяа яам, холбогдох албаныхан давхар бодолцох ёстой. Төрийн үйлчилгээний бусад ангилалд хамаарах албан хаагчдын цалин хөлс багатайгаас үйлчлэгчийн тоо цөөн байж таарна. Гэтэл ийм өнгөц дүгнэлтэд үндэслэн багш нарын урамшууллыг хасах, сургуулийн үйл ажиллагааг тааруу гэж дүгнэх нь зохимжгүй.
Жишээ:5
Манай гурван хүүхэд сурагч. Гүйцэтгэлийн үнэлгээнд гурвуулаа сонгогдсон. Хоёр том маань аав, ээжийнхээ нэр дээрх бүртгэлтэй утасны дугаараар код аваад асуулгаа бөглөсөн юм. Харин бага хүүхдэд маань код авах бүртгэлтэй утасны дугаар байхгүйгээс асуулгадаа хариулж чадахгүйд хүрсэн. Ийм шалтгаанаас болж асуулгаа бөглөж чадахгүй эцэг, эх, хүүхэд цөөнгүй байна.
Энэ мэтээр цахим орчинд гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой санал, гомдол, хүсэлт, байр сууриа эцэг, эх, сурагчид илэрхийлжээ. Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж буй багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ ийнхүү холион бантан хутгаж байна. Хоёрхон настай хүүхдээс хүртэл шалгалт авч, багш, эцэг, эхчүүдийг багагүй сандаргасан. Сургуульд ч орж амжаагүй, таван настай охин минь шалгалт гэж “аймаар мангаа” байдаг гэсэн айдастай боллоо. Ямар сайндаа “Маргааш яана аа, шалгалттай” гээд санаа алдаж суух вэ. Салбарын сайд нь сургуулийн багш, сурагчдыг хооронд нь өрсөлдүүлэхгүй, сурагчдын ахиц, дэвшлийг үнэлж, багшийн ажлыг дүгнэн, үр дүнд суурилсан санхүүжилт олгодог болно гэж ярьсан. Гэвч багш нарын ур чадварыг бодитоор үнэлэх бус, хооронд нь өрсөлдүүлж, “сайн”, “муу” багш гэх ялгаврлыг бий болголоо. Гүйцэтгэлийн үнэлгээ нь “бай”-гаа оносонгүй. Зөвхөн багш гэхгүй, хүүхдүүд, эцэг, эхэд хүртэл чирэгдэл учруулах болов. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн Ц.Мөнхтуяа цахим хуудсаараа дамжуулан өчигдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд хандаж мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Л.Энх-Амгалан сайд аа, одоо болно. Гүйцэтгэлийн үнэлгээ чинь амжилт олохгүй байна. Бодлого тодорхойлж буй яамныхан заавал гүйцэтгэлийн үнэлгээ хийнэ гэж муйхраар зүтгэх нь ямар учиртай юм бэ. Энэ асуултыг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоогоор дамжуулан олон мянган багш танаас асуулгаж байна. Сүүлийн үед холбооны зүгээс багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг удаа дараа шаардсан. Гэвч үүнийг хэрэгсэхгүй хэрнээ гүйцэтгэлийн үнэлгээний хэдхэн төгрөгөөр багш нарыг хуурч байгаа нь ичгэвтэр” гэлээ.
Гүйцэтгэлийн үнэлгээний талаар багш нар ам муутай байна. Тэдний төлөөлөл “Би боловсролын байгууллагад 35 жил ажиллачхаад өнөөдөр тавдугаар түвшний багш гэж цоллуулахдаа туллаа. Эцэг, эхчүүдийн өмнө нүүрээ улалзуулаад, сэтгэл гутраад сууж байна. Гүйцэтгэлийн үнэлгээ багш нарын нэр хүндийг улам унагаж, дорд үзэгдэхэд хүргэж байна” гэж ярив. Улсын болон анги дэвших, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдээд багш нар түмэн завгүй үед ач холбогдол багатай, бодит үр дүнд суурилаагүй гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нарын цагийг хумсалж, бухимдуулах шаардлагагүй. Хичээлийн жилийн төгсгөл болоогүй байхад бүтэн жилийн агуулгаар шалгалт авдаг нь үнэлгээний үр дүн тааруу гарахад нөлөөлдөг” гэж багш нар ярьж байна.
Манай улс гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Өмнөх жилүүдэд цахим санал асуулгад эцэг, эх, сурагчид регистрийн дугаараа оруулаад л асуудалгүй хамрагдаж байсан. Харин энэ хичээлийн жилээс asuulga.eec.mn цахим хуудас руу гар утасны дугаараар нэвтрэх болсон. Заавал бүртгэлтэй дугаараар нэвтэрч, код авах юм. Гэтэл эцэг, эх, сурагчид утасныхаа дугаарыг солих, багшид бүртгүүлснээс өөр дугаар барих зэргээс асуулгад хамрагдахад асуудал үүсжээ. Тухайлбал, сурагч өөрийн нэр дээрх утасны дугаараа оруулаад асуулгыг бөглөх гэхээр “бүртгэлгүй дугаар байна” гээд алдаа зааж буй аж. “Бүртгүүлсэн дугаарт л нэвтрэх код очно шүү” гэж багш нарт эрт мэдээлээгүйгээс хүүхдүүд асуулгад хамрагдахад багагүй төвөг учруулж байна. Мөн нэг сурагч 2-3 хичээлийн шалгалтад сонгогдож байна. Тэр хэрээр олон багшийг үнэлэхээс алгуурлаж, асуултаа сайн уншихгүйгээр бөглөх нь ч бий.
Хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол олгоно гэж салбарын сайдаасаа эхлээд ярьж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд хамруулах болсон. Бодлого боловсруулагчид багш нарыг ялгаатай хэрэгцээт сурагчдад зориулж ганцаарчилсан төлөвлөгөө гарган, сургалтын үйл ажиллагаагаа явуул гэж зааж, зааварчилдаг. Тэгсэн хэрнээ өөрсдөө гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон ялгаатай даалгавар ч боловсруулж чадахгүй байна. Тухайлбал, аутизмтай хүүхдийг багш нь шалгалтад оруулахгүй, эцэг, эхээс нь өргөдөл бичүүлж авчээ. Тухайн хүүхэд бусад сурагчийн адил шалгалтад амжилттай оролцож чадахгүй байлаа ч өөрийнхөө түвшний даалгаврыг гүйцэтгэх боломжтой шүү дээ, уг нь. Тушаал, шийдвэрээсээ ухарч, багш нарын олон жилийн хөдөлмөрийг гүйцэтгэлийн үнэлгээ нэрээр “хөөсрүүлж”, ажил хийсэн мэт харагдах хэнд ашигтай вэ, Л.Энх-Амгалан сайд аа.
Нэгэн сургуулийн зургаадугаар ангийн сурагчдаас герман хэлийн шалгалт авчээ. Шалгалтын агуулга хүнд, үзээгүй хичээл байж. Өөрөөр хэлбэл, долоодугаар ангийн хүүхдийн мэдвэл зохих түвшний дасгал, даалгавраар шалгалт авсан гэнэ. Үзээгүй сэдвээрээ шалгалт өгсөн хүүхдүүд мэдээж сайн үнэлгээ авахгүйг гадарласан багшийн нүдэнд нулимс цийлгэнэжээ. Үүнийг харсан сурагчид нь “Би л муудаа багшийнхаа цалингаас хасуулчихлаа” хэмээн харамсан халаглах. Нэгэн танил маань “Манай хүү асуулгын бүх хариултыг нь “санал нийлнэ” гэж дугуйлсан. Ангийнхаа багшийг бодоод худал хариулсан гэсэн. Хүүхдүүдийг хүртэл худалч болгож байна” хэмээсэн юм.
Багш хичээлээ мянга сайн заагаад тухайн хүүхэд гэртээ давтахгүй, даалгавраа хийхгүй, эцэг, эх нь сурлагад нь анхаарал хандуулахгүй бол яаж амжилттай сурах вэ. Олон талын оролцоо чухал байтал ийм явуургүй аргаар багшийг дүгнэх нь өрөөсгөл. Үүнээс гадна эцэг, эх, хамт олноор нь тухайн багшид дүн тавиулна. Бусад үзүүлэлт нь сайн байсан ч эцэг, эхээс олигтой үнэлгээ аваагүй гэх шалтгаанаар нэгэн багшийн урамшууллыг хассан тохиолдол ч бий. Багшид ч амьдрал байгаа. Үр хүүхдэдээ аваачих талхны мөнгөнөөс нь ингэж боловсон дээрэмдэж болохгүй. Тэр дундаа ийм утгагүй, алдаа мадагтай, найруулгагүй, эргэлзээ төрүүлсэн асуулт, хариулт бүхий санал асуулгаар багш нарын ажлыг үнэлж байгаа нь харамсалтай.