Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөл, чанар аюулгүй байдлыг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголыг өнгөрсөн сарын 15- 17-нд УИХ-аас зохион байгуулахад хэд хэдэн ноцтой асуудал дурдагдсан. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын 42 албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилтэй, эсэхийг нягтлахад 41 нь эм ханган нийлүүлэх аль нэг аж ахуйн нэгжтэй хамаарал бүхий болох нь илэрхий болсныг энэ үеэр танилцуулж байсан билээ. Эл нээлттэй сонсголын үеэр илэрхий болсон, ашиг сонирхлын зөрчилтэй, гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг шалгаж, нээлттэй танилцуулах зөвлөмжийг УИХ-аас АТГ, УЕПГ-т өгөхөөр болсон.
Тэгвэл АТГ-ынхан үүнээс өмнө эмийн бүртгэл, хяналттай холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн бөгөөд энэ талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлж байсан. Уг шалгалтын хүрээнд ЭЭХХЗГ-ын Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газрын мэргэжилтэн Ч.Баяр тэргүүтэй албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжийнхнээс хахууль авч, чанар, стандартын шаардлагад тэнцээгүй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдаанд гаргах боломж бүрдүүлэн давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй гэнэ.
Түүнээс гадна эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан, давуу байдал олгосон гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэд хэдэн хэрэг нээснээс гадна ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн салбар зөвлөлийн гишүүдийг ч хамаарал бүхий компаниудынхаа эмийг бүртгэхэд нөлөөлсөн байж болзошгүй үйлдлийг лавшруулан шалгаж буй гэнэ.