Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Манай улсад нэг саяас дээш хүн амтай хот нэг (Улаанбаатар), 70-110 мянган хүн амтай хот хоёр (Дархан, Эрдэнэт), 20-70 мянган хүн амтай хот 16, 10-20 мянган хүн амтай хот найм, нийтдээ 10 мянгаас дээш хүн амтай төвлөрсөн хот, суурин газар 27 болж, хотжилтын түвшин 70.7 хувьд хүрээд байна. Хот суурин газрын хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, бусад холбогдох аж үйлдвэрийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоонд томоохон өөрчлөлт орж, хотжилтын түвшин эрчимтэй өсөж буй. Тус нөхцөлийн улмаас хотын асуудлыг тухайлан зохицуулах, иргэдэд хотын үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлага гарч байна. 1990 оноос хойш Улаанбаатар хотын хүн ам гурав дахин өсөж, суурьшлын бүс зургаа дахин тэлжээ. Үүнээс шалтгаалан худалдаа үйлчилгээ, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй байдал 61 хувьд хүрлээ. Цаашид ч хүн амын шилжилт хөдөлгөөний урсгал нийслэл хот руу чиглэх хандлагатай байна. Иймд засаг захиргааны шинэчлэл хийх замаар нэг төвт хотоос олон төвт хотод шилжүүлэх үүднээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг найман бүлэг, 54 зүйлтэйгээр боловсруулжээ.
Хуулийн төсөлд,
-Хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодруулбал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны эрх зүйн үндэс, чиг үүрэг, зохион байгуулалтыг нарийвчлах;
-Хот байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газрын өргөн барьснаар Улсын Их Хурлаас шийдвэрлэх ба 100 000 доошгүй оршин суугчтай, оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь улсын зэрэглэлтэй, 30 000 доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь орон нутгийн зэрэглэлтэй, тосгон нь 2000 доошгүй оршин суугчтай байхаар тусгаж;
-Хот, тосгон нь эдэлбэр газартай байх ба хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх ба эдэлбэр газартай үйлчлэх дүрэмтэй байхаар зохицуулсан;
-Хот нь зохион байгуулалтын хувьд хотын хороонд хуваагдах ба тосгон нь хэсгийн зохион байгуулалттай байхаар зохицуулж, хот, тосгоны чиг үүргийг тогтооно;
-Хотын удирдлагын тогтолцоо нь хотын Зөвлөл, хотын Захирагчаас бүрдэх ба хотын Зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагааны зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан. Тодруулбал, хотын өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас сонгосон Хотын Зөвлөл хэрэгжүүлэх бөгөөд улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл нь оршин суугчийн тоо нь 200 000 хүртэл бол 21, 200 001-ээс дээш бол 25 гишүүнтэй байхаар тусгасан. Харин орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийн хувьд оршин суугчийн тооноос хамаарч 11, 15 гишүүнтэй байхаар заалаа;
-Хот, тосгоныг өдөр тутамд удирдах, гүйцэтгэх удирдлагыг хот, тосгоны Захирагч, хотын хороонд хорооны Захирагч хэрэгжүүлэх ба тэдгээрийн бүрэн эрх, хотын Захирагчийн бүрэх эрх хугацаанаас өмнө дуусгавар болох, огцруулах зохицуулалтыг хуулийн төсөлд тодорхой заасан;
-Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн орон нутгийн өмч, татварын болон татварын бус орлого, дэд бүтцийн сангийн болон бусад сангийн хөрөнгөөс бүрдэх ба хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, орон нутгийн үүрэг байна;
-Хот, тосгон нь төсөв, өмчтэй байх ба хот нь хотын татвартай, хотын дэд бүтцийн болон хотын хөгжлийн сантай байх ба хотод чөлөөт бүс байгуулж болохоор зохицууллаа;
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нэгжийн чиг үүргийг хот, тосгонд, нутгийн өөрийн удирдлагын чиг үүргийг хотын Зөвлөлд, төрийн удирдлагын чиг үүргийг хот, тосгоны Захирагчид шилжүүлэх үндсэн дээр хот, тосгоны оршин суугчдад төрийн үйлчилгээг хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн;
-Хот, тосгоны удирдлага бусад этгээдтэй харилцах харилцаа, хотын оршин суугчийн эрх, үүрэг, оролцоо зэрэг харилцааг тус тус тусгажээ.