Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит, монгол бичгийн улсын уралдаанд нийслэл, орон нутгаас 400 гаруй оролцогч өрсөлдлөө. 22 дахь удаагийн уг уралдааныг өнгөрсөн сарын 27-нд МУИС-д зохион байгуулсан бөгөөд төрийн албан хаагч, багш, мэргэжилтэн, оюутнууд монгол бичгээр унших, бичих, найруулах чадвараар “Монгол бичгийн өв сан” сэдвийн хүрээнд өрсөлдсөн юм.
Мэргэжлийн ангийн оюутны төрөлд МУИС-ийн IV түвшний Э.Энхзул, мэргэжлийн бусад нь МУБИС-д математикийн багшаар суралцагч Б.Энхжин тэргүүлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн төрөлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Б.Оюун-Эрдэнэ тэргүүлжээ. Үндэсний номын сангийн төслийн ажилтан Т.Мөнхням монгол бичгээр компьютер дээр бичих болон мэргэжлийн албан хаагч гэсэн төрөлд тэргүүн байр эзэлжээ. Тэгвэл монгол бичгийг түгээн дэлгэрүүлэгч байгууллагаар олон нийтийн сүлжээний “Монгол бичиг” бүлгийнхэн шалгарчээ. Уралдаанд тэргүүлэгчдийн шагналыг энэ сарын 3-нд гардуулах юм байна.
Бэлтгэсэн А.Дөлгөөн