Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан “Монголын инновацын долоо хоног” арга хэмжээний хүрээнд “Эрдэм хакатон-2024” тэмцээн боллоо. Зургаа дахь удаагийн уг тэмцээнийг Орхон аймагт зохион байгуулсан юм. Энэ жил Улаанбаатар хот, Орхон, Булган аймгийн оролцогчид 34 төсөл бүртгүүлжээ. Тэдгээрээс 20 төсөл нь хоёрдугаар шатанд өрсөлдсөнөөс шилдэг гурвыг нь шалгаруулж, урамшуулсан байна. Тэмцээний тэргүүн байрт Орхон аймгаас өрсөлдсөн багийн “Монгол пассив хүлэмж” төсөл шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн грантыг хүртсэн аж. Энэ нь хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн, газар зүйн байршил, бүс нутгийн онцлогт зориулсан хүлэмжийг шинээр загварчилж бүтээсэн төсөл гэнэ.
Дэд байрт Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн судлаачдын “Анти сахар-4” төсөл шалгарч, ШУА-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөгийн грантын эзэн болжээ. Уг төслийн хүрээнд цусан дахь глюкозын хэмжээг тогтворжуулах үйлчилгээтэй, ургамлын гаралтай биологийн идэвхт уусдаг бэлдмэл үйлдвэрлэх аж. Тэгвэл гуравдугаар байрыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаачдын “Bubble tech” төсөл эзэлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэрэмжит 10 сая төгрөгийн грантыг авчээ. Энэ нь арьс, шир, ноос, нэхмэл бүтээгдэхүүнийг угаах, эмульсжүүлэх үйлчилгээтэй, рапсын тосноос гарган авсан гадаргуугийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл юм байна.
Бэлтгэсэн Ч.Зул