Нийслэлийн хэд хэдэн байршилд зам засварын ажил хийж буй тул нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, энэ сарын 3-6-нд ХӨСҮТ-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг засах гэнэ. Тиймээс Ч:78 дугаарын автобусны чиглэлийг түр өөрчилжээ. Уг автобус Сүхбаатарын талбайгаас ХӨСҮТ хооронд явдаг байсан. Харин одооноос түр хугацаанд Жуковын музейн автобусны буудлаас Сүхбаатарын талбайн хооронд явахаар болжээ. Мөн “Жанжин” клубээс Сүхбаатарын талбайн чиглэлийн Y:30 дугаарын автобусыг “Их Монгол” хорооллын урдуур тойрч явуулахаар өөрчлөлт оруулав. Түүнчлэн Гадна тойруугийн эцсээс “ДЦС-3” чиглэлийн, Ч:10 дугаарын нийтийн тээвэр Чулуун овооны тойргоор тойрч явахаар болжээ. Ч:17А, Ч:17Б дугаарын автобус ч энэ шугамаар иргэдэд үйлчлэх аж. Ч:32Б, Ч:41 зэрэг долоон автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Мөн Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутагт Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Замын нэгдүгээр хэсэг буюу Ботаникийн эцсээс Төмөр замын гарам хүртэлхийг нь маргааш засварлаж дуусах юм байна. Төмөр замын гармаас Улиастайн гүүр хүртэлх хэсгийг нь энэ сарын 2-5-нд засахаар төлөвлөжээ. Тиймээс нийтийн тээврийн Ч:23, Ч:24 зэрэг есөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулсан гэнэ.
Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дахь“Таван богд” группийн уулзвараас “Ривер стоун” хотхон хүртэлх авто замыг энэ сарын 3-5-нд засаж шинэчлэхээр төлөвлөсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороон дахь Намъянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг өчигдөр хийж дуусгажээ.
Ташрамд дурдахад, нийслэлийн Замын хөгжлийн газраас “Нийслэлийн хэмжээнд 2023 онд хэрэгжүүлсэн авто зам, замын байгууламжийн ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ” гэсэн санал асуулгыг цахимаар иргэдээс авч буй аж. Одоогоор 1146 хүн санал өгснөөс 738 нь хангалтгүй гэж дүгнэжээ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн