Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад шилжүүлжээ. Тус хэлтсийнхэн дөрөвдүгээр сарын 22-26-нд эрүүгийн 877 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 12-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр болсны дотор дээрх хүний үйлдэл багтсан аж.
ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн гэр, албан өрөө, хамаарал бүхий хүмүүсийнх нь оффист 2021 оны наймдугаар сард хууль сахиулагчид нэгжлэг хийж, удалгүй үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг шантаажилж, хахууль авсан гэх үйлдэлд холбогдсон байдаг. Тодруулбал, ГЗБГЗЗГ-аас 2020 оны гуравдугаар сард “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопор талаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан аж. 2.6 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй эл тендерт “Ютилити солюшн” ХХК шалгарсан байна. Гэтэл ГЗБГЗЗГ-ын дарга байхдаа Ц.Ганхүү эл компанийн эрх бүхий албан тушаалтан С.Амарсанаагаас 70 гаруй сая төгрөг төлөхийг шаардан авсан хэрэгт буруутгагдаж буй юм.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх уг албан тушаалыг хашиж байхдаа Ц.Ганхүүгийн эхнэр Ш.Сарантуяагийн үүсгэн байгуулсан, 2017 оноос хүү Г.Батболд нь гүйцэтгэх захирлаар ажиллах болсон “Инэл” болон “Твин хаус” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг, дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд 6233.04, 97473.6 ам метр талбай бүхий газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Уг газрыг олгоход Л.Гансүх, Ц.Ганхүү нар нэг нутаг, нэг сургуульд сурч байсан нь нөлөөлсөн гэдэг. Ц.Ганхүүгийн хамаарал бүхий хүмүүсийн “Инэл”, “Твин хаус” ХХК-ийнхан дархан цаазат бүсэд авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” нэртэй хотхон барьж, ашиглалтад оруулсан юм. Энэ бүхэнд ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүг оролцоотой байж болзошгүй хэмээн хамтатган шалгуулсан юм.
Мөн АТГ-аас шүүхэд шилжүүлэхээр болсон хэргүүд дотор төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан гэх үйлдэл ч багтжээ.