1930 онд МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссийн хамтарсан хурлаас “агаарын мэдээ” байгуулах тухай шийдвэр гарчээ. Улмаар ЗХУ- аас радио хүлээн хүлээгч, микрофон, чанга яригч гэх мэт тоног төхөөрөмжийг авчирсан түүхтэй. Радиогийн материал техникийн баазыг байгуулахын тулд “Монгол радио” гэдэг хоршоог байгуулж, 1931 онд радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Эрхүү хот руу илгээжээ.
1931 оны тавдугаар сарын 1 нд Засгийн газар, цэнгэлдэх хүрээлэн, Лениний нэрэмжит клуб зэрэг хэд хэдэн газар радио цагаан хоолой байрлуулж, үдшийн 19 цагаас монгол, орос хятад хэлээр илтгэл уншуулж, дуу хөгжим анх нэвтрүүлэв. Мөн оны зургадугаар сарын 20 –ноос эхлэн Ардын хувьсгалийн 10 жилийн ойн өмнө Улаанбаатар хотод 7 хоногт хоёр удаа радио нэвтрүүлэг явуулсан байна.
Түүнчлэн 1931 оны долдугаар сарын 11 нд Буянт-Ухаа дахь наамдын талбайгаас анх удаа радио нэвтрүүлэг шууд дамжуулжээ. Тодорхой хэлбэл, Монголд радио 1930 оны эхэн үед тулгийн чулуугаа тавьж, тухайн үед радио нэвтрүүлгийн хамрах хүрээ нь зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдаж байлаа. Радио нэвтрүүлгийг тогтмол, тасралтгүй явуулахад техникийн болон, уран бүтээлийн мэргэжилтэн, найдвартай ажиллах тоног төхөөрөмж, дэд бүтэц дутагдаж байв. Монгол Зөвлөлтийн засгийн газар хоорондын хуралдааны үеэр манай тал радиогийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд туслахыг хүсжээ. Ингээд ЗХУ-ын тусламжтайгаар радиогийн техникийн төв, дахин дамжуулах станцийг Монголд барьж байгуулжээ. 1934 оны есдүгээр сарын 1-нд Монгол Улсад радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхлэв. Өдрийн 11 цагт Ерөнхий сайд Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Холбооны сайд Мэнд зэрэг албаны хүмүүс радиогоор ээлжлэн баярын мэндчилгээ дэвшүүлж байсан нь түүхэнд үлджээ.