Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврээр зорчих тарифыг 1000 төгрөг болгож, толгой тоолдог төхөөрөмж байршуулан, карт уншигч төхөөрөмжүүдийг шинэчилнэ хэмээн өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан билээ. Тэгвэл карт уншигч төхөөрөмжүүдийг шинээр ирсэн 600 гаруй саарал автобусанд суурилуулаад эхэлжээ. Шинэчилсэн карт уншигч төхөөрөмжийг хэзээнээс ашиглаж эхлэхийг автобусны жолоочоос өчигдөр асуухад “Шинэ төхөөрөмжийг гурав хоногийн өмнө суурилуулсан. Тавдугаар сарын 15-наас ажиллуулна. Шинийг нь ашиглалтад оруулахаар хуучин төхөөрөмжүүдээ бүгдийг нь салгах юм билээ” гэв.
Тэгвэл шинэ төхөөрөмж суурилуулахдаа нийтийн тээврээр зорчих үнэд өөрчлөлт оруулах буюу 1000 болгож нэмэх, эсэхийг тодруулахад Нийтийн тээврийн газрынхан “Автобусаар зорчих төлбөр 500 төгрөг хэвээрээ байгаа. Зорчих үнийг хэзээ нэмэх нь тодорхой болоогүй. Шинэ төхөөрөмжүүдийн тухайд туршилтын шатандаа явж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Нийтийн тээвэрт өдгөө ашиглаж буй карт унших төхөөрөмжүүдийг “Улаанбаатар смарт карт” компанийнхан хариуцдаг. Төлбөрийн төхөөрөмжийг шинэчлэхээр иргэд хуучин картаа ашиглаж болох уу гэдэг асуулт гарч ирнэ. Энэ талаар тус компанийнхан “Автобусаар зорчих төлбөрийг нэмнэ гэх мэдээлэл бидэнд хараахан ирээгүй. Цаашид яахыг нь мэдэхгүй. Шинэчилсэн төхөөрөмжийг ашиглалтад оруулсан ч “U money” картаа ашиглаж төлбөрөө төлөх боломжтой. Үүнээс гадна банкны картаараа ч үйлчлүүлж болно” гэв. Мөн автобусны шинэчилсэн карт уншигч төхөөрөмжийн талаар иргэдээс тодруулахад “Зарим тохиолдолд автобусны картаа цэнэглэхээ мартах, эсвэл цэнэглэж амжихгүй үе бий. Ийм үед банкны картаараа үйлчлүүлэх нь амар санагдаж байна” гэсэн юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн