Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай, Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах, Нийслэл үнэт цаас гаргах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нийслэл гадаад үнэт цаас гаргах тухай асуудлыг танилцууллаа.
Гэр хорооллын сэргэлтийн хүрээнд Сэлбэ дэд төв буюу Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороог орон сууцжуулах ажлын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Тодруулбал, эхний ээлжид 158 га газарт 12.000 айлын орон сууц, сургууль цэцэрлэгийн 10 байгууламж, худалдаа, үйлчилгээний төв, спорт ордон байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ “20 минутын хот” консептын дагуу хэрэгжүүлэх юм.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:
-Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Нөлөөллийн бүс дэх 2350 айлын газрыг чөлөөлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1525 айлтай уулзаж, зөвшилцсөн байна. Ирэх долдугаар сар гэхэд газар чөлөөлөлтийг дуусгана. Үүний дараа барилгын ажлыг эхлүүлнэ. Иймээс иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлийн төслүүдэд гадаадын зах зээлээс урт хугацаатай, хүү багатай ногоон бонд болон тогтвортой хөгжлийн бонд босгох боломжтой. Үүнийг Засгийн газрын өрийн баталгаатай гаргахаар төлөвлөж байна. Нийслэл гадаад үнэт цаас гаргахдаа олон улсын гурван банк, хуулийн зөвлөх үйлчилгээг олон улсын хоёр компани, мөн санхүүгийн зөвлөх үйлчилгээг авахаар эдгээр байгууллагатай хамтран ажиллана гэв.