Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид Орхон аймгийн цэцэрлэгийн насны хүүхэдтэй аав, ээж, асран хамгаалагчдын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа 6 багц шинэчлэлийг танилцуулж Амьдралын мод хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Мөн Орхон аймгийн боловсролын чанарын үзүүлэлтүүдийг ч танилцуулсан юм.
Цэцэрлэгт тогтмол хамрагдсан хүүхдийн сурлагын амжилт өндөр байдгийг PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр тогтоосон. Тиймээс хүүхдийг 2-5 насанд нь заавал цэцэрлэгт хамруулдаг байх зорилтын хүрээнд бодлогын газрууд, эцэг, эх, асран хамгаалагчид зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай. БШУЯ сүүлийн жилүүдэд сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халах чиглэлээр тууштай ажиллаж, тодорхой үр дүнгүүд гарч цэцэрлэгт хамрагдалтыг нийслэлийн хэмжээнд 92.4 хувьд хүрсэн.
Орхон аймагт сургуулийн өмнөх боловсролын 37 байгууллагад 9211 хүүхэд суралцаж байгаа нь хамрагдалт 97.7 хувьтай гэсэн үзүүлэлт юм. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээг сүүлийн жилүүдэд тогтмол хийж байна. Эрдэнэт хот улсын болон орон нутгийн дунджаас дээгүүр буюу 90.9 хувьтай байна.
Уулзалтад оролцогчид цэцэрлэгийн хоолны чанар, орон нутгийн зарим байршлуудад цэцэрлэг шинээр төлөвлөх, төлөвлөсөн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, туслах багшийн цалин, нийгмийн баталгааг хангах чиглэлээр саналууд хэлж байлаа.