Орхон аймагт номын сангийн шинэ барилга ашиглалтад оруулжээ. Энэ нь “Номын өргөө” нэртэй бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан аж. Орхон аймгийн Нийтийн номын сан энд үйл ажиллагаа явуулах нь. Шинэ байр нь Нийтийн, Гэрээр ном олгох, тогтмол хэвлэлийн, Гэр бүлийн, Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан гэсэн уншлагын дөрвөн том танхимтай гэнэ. Мөн ганцаарчилсан байдлаар хөгжих, ном унших, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл хийх VIP өрөөнүүдтэй. Бас багаар ажиллах, хурал, сургалт зохион байгуулах танхимуудтай юм байна. Номын сангийн гуравдугаар давхарт Америкийн төв үйл ажиллагаа явуулах нь. Энэ төв уншлагын, интернэтийн, и-спортын болон сургалт, хөтөлбөрийн өрөөтэй.
Шинэ номын сангийн барилга нь 1826.73 ам метр талбайтай бөгөөд нэг ээлждээ 315 хүнийг хүлээн авах хүчин чадалтай аж. Орхон аймгийн Нийтийн номын сангийн хуучин барилгыг цаашид Хүүхдийн номын сан болгохоор төлөвлөсөн гэнэ.
Бэлтгэсэн М.Оч