Нийслэл таван жилийн хугацаатай гадаад бонд гаргах төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцууллаа. Бондын хөрөнгийг Сэлбэ дэд төвийн барилга бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Сэлбэ байршилд 2350 айл байдгаас 1450 айл нь газраа чөлөөлөхийг зөвшөөрч, ирэх долоо хоногт газрын үнэлгээг хийж иргэдтэй тохиролцох аж. Иймд зургадугаар сарын нэгнээс өмнө Сэлбийн бүсийн 160 га газрыг чөлөөлж, тус талбайд 12 мянган айлын орон сууц барина.
Барилга бүтээн байгуулалтын санхүүжилтийг гадаад зах зээлд бондоос санхүүжүүлнэ. Дараагийн ээлжид Чингэлтэй, Хайлааст зэрэг бүсийн 800 орчим га талбайг чөлөөлөх юм.
Мөн дараагийн ээлжид дотоодод 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, үүний 300 тэрбум төгрөгийг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгох байдлаар зарцуулах бол 150 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын зам засах ажилд, үлдсэн санхүүжилтийг “Туул 1” коллекторын шугамын ажил зэрэгт зарцуулах аж.