“Номын сангаар дамжуулан АНУ-ыг судлах нь” олон улсын зочдын манлайллын хөтөлбөр (IVLP)-ийн хүрээнд Монгол Улсын төв, орон нутгийн нийтийн номын сангийн төлөөлөл 2024 оны нэгдүгээр сарын 20-31- нд далайн чанадын оронд ажиллаад ирлээ. Аяллын багт Улаанбаатар хотын Нийтийн номын сангийн Захиргааны дарга Ж.Золбоо, салбарын эрхлэгч Э.Эрдэнэцацрал, Америкийн соёл, мэдээллийн төвийн хөтөлбөрийн зохицуулагч Г.Ариунзаяа, “Боловсрол, соёл, инновацын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Золзаяа, “Конвис” ХХК-ийн захирал Г.Естболд, Дархан-Уул аймаг дахь Америкийн соёл, мэдээллийн төвийн зохицуулагч С.Оюубаяр, Дорноговь аймгийн Нийтийн номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төвийн ажилтан О.Баярмаа болон Увс аймгийн Нийтийн номын сангийн захирал миний бие багтсан юм. Хөтөлбөрийн хугацаанд АНУ-ын Төрийн департаментад гэрээгээр ажиллаж буй Э.Ану, Э.Эрдэнэчимэг нар албан ёсны хэлмэрчээр, Ц.Сарангэрэл төслийн зохион байгуулагчаар ажиллаж, бидэнтэй хамт АНУ-ын нийслэл Вашингтон, Оклахома мужийн Тулса, Миссури мужийн Канзас хотын номын сангуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, туршлага судлах боломж олголоо. Дэлхийд ноёлж буй их гүрний номын сангууд яаж ажилладаг, хүн ардаа хэрхэн номтой нөхөрлүүлдэг, түүний орчин нөхцөлийг ямар стандартаар тохижуулсан, тэнд ажиллаж буй хүмүүсийн нийгмийн асуудлыг яаж шийддэг зэргийг газар дээр нь үзэж танилцах боломжийг эл хөтөлбөр бидэнд бүрдүүлж өгсөн билээ.
АНУ-ын Төрийн департаментын тэтгэлэгт IVLP буюу Олон улсын зочдын манлайллын хөтөлбөр нь 80 гаруй жилийн түүхтэй бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 4500 гаруй залуу манлайлагчийг урьж, богино хугацаанд АНУ-аас туршлага судлах, аялах, суралцах боломж олгодог аж. Энэ хөтөлбөрт улс орнуудын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, бусад салбарт ажилладаг олон улсад нэр хүндтэй удирдагчид ч хамрагдаж байсан түүхтэй юм билээ. Одоогоор 250 000 гаруй зочин уг хөтөлбөрт хамрагдсаныг албаны хүмүүс танилцуулж байв. IVLP хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооноос санхүүждэг. Харин “Меридиан” олон улсын төв ашгийн бус байгууллага эл хөтөлбөрийг 60 гаруй жил хэрэгжүүлж буй гол түншлэгч нь. “Меридиан” төвийнхөн оролцогчдод зориулсан мэргэжлийн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлснээрээ Төрийн департаментаас санхүүгийн дэмжлэг авдаг юм байна.
НОМЫН САНГУУДАА ТӨР НЬ БОДЛОГООР ДЭМЖИЖ БАЙНА
“Номын сангаар дамжуулан АНУ-ыг судлах нь” хэмээх Монголд зориулсан төслийн гол зорилго нь номын сан бол нийгэмд үйлчилдэг томоохон орон зай гэж үздэгээс үүдэлтэй. Нэгдсэн улс даяар номын сангуудаа бодлогоор хэрхэн дэмжиж, нөөц бололцоо, сайн туршлагыг нь яаж хуваалцдаг, уламжлалт арга хийгээд орчин үеийн дэвшилт технологийг хэрхэн үр өгөөжтэйгөөр хослуулан хөгжүүлж амьдрал ахуйдаа ашиглаж буйн бодит жишээг газар дээрээс нь харуулах явдал байлаа. Тэрчлэн хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, тусгай хэрэгцээт иргэд гэх мэт зорилтот бүлгийн тэгш байдлыг хэрхэн нэмэгдүүлж, оролцоог нь бий болгож байгаатай танилцлаа. Бид АНУ-ын нийслэл Вашингтон хотод ажиллах үеэр тус хотын Нийтийн номын сан, Конгрессын ордон, Конгрессын номын сан, Музей болон номын сангийн институтээр зочилсон юм. Бидний анхны уулзалт Вашингтон хотын Нийтийн номын санд энэ оны нэгдүгээр сарын 22-нд болов.
Энэ үеэр IVLP хөтөлбөрийн ажилтан Жули Шербил, “Меридан” олон улсын төвийн хөтөлбөрийн ажилтан Матилда Ванжели, ахлах ажилтан Грейс Кирнан нар биднийг хүлээн авч уулзан, хөтөлбөрийг нээлээ. “Олон улсын зочдын манлайллын хөтөлбөр бол шинэ замыг нээж, дараа дараагийн хүмүүст өргөн боломж олгодог хөтөлбөр тул оролцож байгаа хүн бүр маш их идэвхтэй байж, их зүйлийг сурч мэдээрэй, улс, эх орондоо эргэж очоод сурсан мэдсэн зүйлсээ хэрэгжүүлээрэй. IVLP бол зөв хүмүүсийг зөв газар нь уулзуулдаг юм шүү. Бас багийн хүчин чармайлт их чухал” хэмээн зохион байгуулагчид онцолж байв. Ингээд Вашингтон хотын Нийтийн номын сантай танилцах аялал хийсэн юм. Тус номын сангийн барилга нь таван давхар бөгөөд уншлагын танхим, номын фонд, бүх насныханд зориулсан тус тусын танхим, тусгай хэрэгцээт иргэдийн өрөө, хурлын танхим, сургалтын өрөө, дуу бичлэгийн студи, урлагийн заал гэх зэрэг маш олон өрөө, танхимд үйл ажиллагаа явуулдаг аж. Эднийх 100 гаруй ажилтантай бөгөөд Вашингтон хотод үйл ажиллагаа явуулж буй бусад номын санг мэргэжил, арга зүйгээр хангадаг юм байна. 1972 онд байгуулсан тус номын сан нь цаг ямагт үйлчлүүлэгч олонтой байж иржээ. “Ковид-19” цар тахлын үеэр зөөврийн ном хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсэн нь одоог хүртэл үр дүнтэй байгаа гэлээ.
IVLP хөтөлбөрт оролцогчид маргааш нь буюу нэгдүгээр сарын 23-нд АНУ-ын Төрийн департаментын Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийг харьяалах газрын Америкийн номын сангийн хэлтэс болон Монголын асуудал хариуцсан төлөөлөлтэй уулзав. Төрийн департаментын байранд болсон уг уулзалтын үеэр Монгол Улс гурав дахь хөршөөрөө АНУ-ыг сонгож, нийгмийн болон эдийн засгийн хүрээнд олон чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. Тэр дундаас Монгол Улсын нийтийн номын сангууд болон Монгол дахь Америкийн соёл, мэдээллийн төвүүдийн үйл ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх, үр нөлөөг яаж нэмэгдүүлэх, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг бий болгоход юунд анхаарахыг голлож ярилцсан юм.
АНУ-ын Төрийн департамент буюу манайхаар Гадаад харилцааны яамны дотор Ральф Ж.Банчийн нэрэмжит номын сан байрлах бөгөөд түүнийг тус яамны анхны Төрийн нарийн бичгийн дарга Томас Жефферсон 1789 онд байгуулсан аж. Уг номын сан нь олон нийтэд нээлттэй биш бөгөөд Төрийн департаментын ажилтнуудын судалгааны ажлыг дэмжих зорилготой юм билээ. Гэхдээ зарим номын санд ном зээлүүлдэг бөгөөд сонирхсон хүмүүс уг материалыг тухайн номын сангаар дамжуулан ашиглаж болдог аж. Сан хөмрөг нь арвин тус номын санд дэлхийд хэвлэгдэж байгаа хамгийн сонирхолтой судалгаа шинжилгээний бүтээлүүд байдаг гэв. Тэндээсээ бид АНУ-ын Музей, номын сангийн институтээр зочилж, Холбооны засгийн газраас музей, номын сангуудаа хэрхэн бодлогоор дэмжиж, хөрөнгө санхүүжүүлэлт олгодогтой нь танилцлаа. Тус улсад Соёлын яам гэж байхгүй. Харин тус институтээр дамжуулан үндэсний хэмжээнд ажиллаж буй музей, номын сангууддаа санхүүжилт олгодог гэнэ.
Ерөнхийдөө музей, номын сангууд нь тухайн жилд хийх ажлын төслөө тогтсон хугацаанд бичиж хүргүүлэх ба тэр дагуу хамгийн оновчтой, хэрэгжих боломжтой, үр дүнтэй, тодорхой шийдэл бүхий төслүүдэд санхүүжилт түлхүү олгодог байна. Муж, хот, орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц хэмжээний, үр дүнтэй төсөл санаачилсан музей, номын сангууд хамгийн өндөр санхүүжилт эндээс авдаг гэнэ.
Үүний дараа бид Конгрессын номын сангаар зочилсон нь энэ аяллын хамгийн дурсамжтай, мартагдашгүй хэсэг нь байлаа. Дөрвөн давхар барилга бүхий тус номын сангийн дотоод засал чимэглэл, өнгө үзэмж, уран баримал, утга санаа, өгүүлэмж зэрэг нь үнэнхүү тансаг. Эртний ховор, нэн ховор ном, судар энд маш арвин байлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цул цагаан гантиг чулуугаар тус номын сангийн шал, тааз, ханыг урлажээ. Үнэхээр гайхамшигтай. Тус номын санг танилцуулсан хөтөч “Ном уншсанаар хүний бодол санаа хөгждөг. Өөрөөр хэлбэл, хүн хэдий чинээ их ном уншина, тэр хэмжээгээр хөгжин дэвшиж байдаг” хэмээн онцолсон. Бас “Номын сан хүмүүст ашиглагдаж байх ёстой” гэдгийг ч нэмж хэллээ. Нас 70 хэвийсэн тэр хөтөч эмэгтэй номын ордноо танилцуулахдаа үүх түүх, үүсэл хөгжил нэг бүрийг нь ширхэг дараалан маш сонирхолтойгоор тайлбарлаж байв. Тус номын санд гал тогоо ажиллаж, хоол хийхээс гадна тамхи татах цэг байсныг үйл ажиллагааг нь зогсоож, гаргажээ. Учир нь гол танхимын гантиган шал, тааз, хана, багана бүрдсэв сууж, бохирдохоос хамгаалан ийм арга хэмжээ авсан аж.
Энэ үеэр бид Конгрессын номын сангийн Азийн хэлтэст ажилладаг, Монгол, Төвөдийг хариуцсан мэргэжилтэн Сюзэн Мэйнхэйттэй уулзлаа. Түүнтэй уулзсан өрөөнд Монгол Улстай холбоотой зураг, ном, хэвлэлээр үзэсгэлэн гаргасан байв. Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг монгол бичгээр бичиж, Төрийн айлчлалын үеэр тус номын санд дурсгасныг бидэнд дэлгэн харуулсан юм. “Та бүхэн үндэсний бичгээрээ уншиж чадах уу, энд яг юу гэж бичсэн байна вэ?” хэмээн Сюзэн Мэйнхэйт биднээс асууж, “хөөрхөн” шалгалт авсан даа. Ийн зочлохдоо бид бүгд Конгрессын номын сангаар үйлчлүүлэх үнэмлэх нээлгэсэн бөгөөд хоёр жилийн хугацаанд сонирхсон ном, хэвлэлээ цахимаар авч унших эрхтэй болсон юм.
ХҮҮХДИЙГ НОМД ДУРЛУУЛАХАД ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭ БАЙНГА ЗОХИОН БАЙГУУЛДАГ
IVLP буюу Олон улсын зочдын манлайллын хөтөлбөрт оролцогчид АНУ-ын Оклахома мужийн Тулса хотод энэ оны нэгдүгээр сарын 24- 28-нд ажиллахдаа тус хотын Нийтийн номын сангаас гадна индиан омгийнхны Нийтийн номын сан, Тулсагийн их сургуулийн дэргэдэх номын сангаар зочлов. Мөн Тулса хот дахь Африкийн америкчуудын мэдээллийн төв номын сан, Испанийн мэдээллийн төв номын сангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тулсагийн Нийтийн номын сан нь Оклахома мужийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 25 номын санг хариуцдаг юм байна. Энэ номын санд хүүхдийн үлгэрийн цагийн уулзалтын танхимтай бөгөөд түүгээрээ дамжуулан хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлэхэд анхаардаг юм билээ. Тэнд хүүхэд тоглонгоо сурч, хөгжих орчныг бүрдүүлсэн байв. “Бидний гол зорилго бол хүүхдийн сониуч занг өдөөх. Тэгж байж л тархийг нь хөгжүүлдэг. Биднийг ажиглахад хүүхэд энд зүгээр тоглоод байгаа юм шиг харагдаж буй ч цаанаа сурч, хөгжиж байдаг” хэмээн тус номын сангийн ажилтан танилцуулсан юм.
Тулсагийн их сургуулийн номын сан баялаг сан хөмрөгтэй, ховор, нэн ховор ном, хэвлэл ихтэй, гар бичмэл, гэрэл зураг, урлагийн сонгодог бүтээл болон бусад эд зүйлийн цуглуулга, үзмэр арвинтай ажээ. Улсынхаа таван номын сантай байнгын холбоотой ажиллаж, арга туршлагаа хуваалцдаг гэнэ. Тус их сургууль нь хувийн өмчийнх бөгөөд нийт оюутны 10 хувь нь гадаадынх аж. Сургуулийн дэргэд хөрөнгө босгох асуудал хариуцсан баг ажилладаг гэсэн. “Баян хүмүүс мөнгөө яахаа мэдэхгүй байх тохиолдол бий. Тиймээс тэдний хүчийг ашиглах нь чухал. Ер нь Америкт номын сангуудад хөрөнгө оруулж, тусгай өрөө тасалгаа тохижуулан аав, ээжийнхээ болон өөрийнхөө нэрийг мөнхлөх сонирхолтой хүн олон. Тиймээс бид хандив өгсөн хүний нэрээр танхимуудаа нэрлэж, тохижуулдаг. Түүнчлэн тэтгэвэрт гарсан ахмадуудыг ажлын байраар ханган ажиллуулдаг. Тэдэнд маш их хэмжээний мэдлэг туршлага, чадамж бий.
Хандивын мөнгөнөөс бид нэг цент ч хэрэггүй зүйлд зарцуулдаггүй. Аль болох үр ашигтай зүйлд хөрөнгө оруулж, цаг хугацаагаа зарахыг хичээдэг. Манайд хүмүүс сайн дураараа хандив өгөх нь элбэг” хэмээн удирдлага нь өгүүлж байлаа. Тэрчлэн “Цахим эриний энэ үед хүмүүсийг номын сан руу татахын тулд үйл ажиллагаа, орчноо маш их сонирхолтой байлгах хэрэгтэй. Зөвхөн ном биш, янз бүрийн тоглоом байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ хатуу хавтастай номоос илүүтэй цахимаар унших сонирхолтой болсон. Тиймээс үйлчилгээгээ илүү шинэлэг, сонирхолтой болгох нь чухал. Тусгай хэрэгцээт иргэд ч номын санд ирээд мэдээлэл авах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Манайх амьдрах ухааны сургалтууд явуулж, мөнгө яаж олох, түүнийгээ хэрхэн зарцуулахыг заадаг. Америкт боловсрол эзэмшихэд төлбөр маш өндөр. Цар тахлын үед номын санд ямар үйлчилгээ уян хатан зохицох вэ гэдгийг туршиж үзээд ном хүргэдэг робот бүтээсэн. Үндсэндээ робот ашиглан гаднаас ном авах үйлчилгээ нэвтрүүлснээ одоо хүртэл ашиглаж байна” хэмээн онцолж байлаа.
Тулса хот дахь Сак ба Фоксын үндэсний нийтийн номын сан бол Америкийн уугуул иргэд болох индианчуудад зориулсан соёлын төв юм. Бүх насныханд үйлчилдэг тус номын сангийн ажилчид болон үйлчлүүлэгчид нь индиан омгийнхон. Рудисиллийн бүсийн Африк тивээс гаралтай америкчуудын номын сан мөн л үүднээсээ эхлээд тав тухтай орчин бүрдүүлж, тэдний түүх, соёлын талаарх мэдээлэл, дурсгал, ном, хэвлэл, лавлагаа материал элбэг юм байна.
Тулса хот дахь Испанийн нөөцийн төвийн номын сан нь Гэр бүлийн болон “Үлгэрийн цаг” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг юм билээ. Тоглоомын талбай бүхий орчинтой, тэнд хүүхдүүд тоглонгоо суралцаж, бас ном уншиж байна. Энд англиас гадна испани хэлээр ярилцах боломж бий болгож, ном, хэвлэлээ бүрдүүлжээ. Тусгай хэрэгцээт хүмүүс болон бүх насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийн хэрэгцээг хангасан соёл, олон нийтийн ямар ажил байна тэр бүгдийг зохион байгуулдагаж.
НОМЫН САНГУУД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТАТВАРЫН ОРЛОГООР САНХҮҮЖДЭГ
Тулса хотоос Миссури мужийн Канзас хотыг бид зорив. Энэ хооронд ойролцоогоор 250 миль буюу 402 км зам туулахад тариалангийн томоохон талбай, үхрийн ферм тасралтгүй үргэлжилж байлаа. Канзаст очоод хамгийн түрүүнд Нийтийн номын сангаар нь зочилсон. 1873 онд сургуулийн номын сангийн зориулалтаар байгуулсан энэ газар 2023 оны есдүгээр сард 150 жилийн ойгоо тэмдэглэсэн юм билээ. Нийтдээ 12 ам метр газарт номын сангаа байршуулж, цахилгаан шатаар номоо авдаг орчин бүрдүүлжээ. “Робот ашиглаж ном авдаг энэ хэсэгт нийтдээ 12 мянган номын хайрцаг бий. 2012 оноос хойш ингэж ашиглаж байгаа. Манай номын санд зай талбай бага тул энэ шийдлийг олсон. Нэг ном авахад 10 орчим минут зарцуулдаг. Бүх номын каталогийг компьютерт оруулсан. Хааш хаашаа 12 ам метр хэмжээтэй, 64 баганатай, дөрвөн давхар барилгатай тэнцэхүйц хэмжээтэй байшинд робот ашиглан ном авч, хураадаг болгосон нь хүний хүч хөдөлмөр хийгээд зай талбайг хэмнэсэн маш оновчтой шийдэл. Манай лифтийг засдаг засвар үйлчилгээ хариуцсан тусгай компани бий” хэмээн ажилтан нь номын сангаа танилцуулсан. Канзас хотын Нийтийн номын сан нь дүрвэгчид болон цагаач иргэдэд ч үйлчилдэг юм байна. Тус номын сан олон шилэн цонхтой. Орчин нөхцөлийг гаднаас нь харах боломжтой тул цөөнгүй хүн сонирхон татагдаж ордог байна. Америкт номын сан, ерөнхий боловсролын улсын сургуулиуд тухайн орон нутаг, дүүргийн оршин суугчдын үл хөдлөх хөрөнгийн татварын орлогоор санхүүждэг гэсэн. Дүрвэгчид болон цагаач иргэдэд зориулж найман долоо хоногийн дотор англи хэлээр уншиж, бичих сургалт явуулна. Бичиг үсэгт огт тайлагдаагүй хүмүүс хүртэл үүнийг нь ашиглаж англи хэл сурч болдог аж.
Бидний дараачийн буудал бол Линда холлын номын сан байлаа. Миссури-Канзас хотын их сургуулийн оюутны хотхоны төвд байрладаг бие даасан байгууллага. Шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн чиглэлээр ажилладаг, дэлхийн хамгийн том бие даасан судалгааны номын сангийн нэг. Тус номын сан нь 1.5 сая шинжлэх ухааны лавлагаа мэдээлэл бүхий сан хөмрөгтэй юм билээ. Хувийн хэвшлийн байгууллага хэдий ч нээлттэй, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байв. 1946 оноос эхлэн дэлхийн өнцөг булан бүрийн эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний байгууллагууд, бизнес эрхлэгчид энэ номын сангийн цуглуулгыг ашиглаж буй аж. Тус номын сангаас жил бүр тусгай үзмэр гаргаж, шинжлэх ухаан, технологийн талаарх мэдлэг ойлголтыг өргөжүүлэхийн тулд бүх насныханд зориулсан олон нийтийн хөтөлбөрүүд санаачлан зохион байгуулдаг нь онцлог байв. “Линда хүүхэдгүй байсан. Олсон мөнгөө олон нийтийн ажилд зориулдаг. Хэрэв хүүхэдтэй байсан бол энэ байшин номын сан болохгүй л болов уу” хэмээн ажилтнууд нь өгүүллээ. Линда холлын номын сантай уншигчид дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар холбогдож мэдээлэл авдаг байна. Дэлхийн 82 орны хэлээр хэвлэгдсэн материал энд бий. Мөн XVI зуунд хэвлэгдсэн 10 гаруй ном байдаг аж. Бүх ном нь даатгалтай. Даатгалын компани ховор, нэн ховор номын үнэлгээг тогтоодог аж. Тус номын сангийнхан дэлхийн өнцөг булан бүр дэхбүх номын сантай хамтарч ажиллах хүсэлтэй гэсэн. Тус номын санд жил бүр 18 улсаас зочин судлаач ирж ажилладаг бөгөөд тодорхой шалгуур хангасан байх шаардлага тавьдаг юм билээ.
Бид дараа нь Жонсон дүүргийн нийтийн номын сангаар зочилсон. 2022 онд дизайныг нь дахин шинэчлэн зассан тус номын сан 20 гаруй уулзалтын өрөөтэй, тун чиг тохилог юм билээ. Макерсспайс (Maker’s Space) буюу үйлдвэрлэгчийн урлан нь олон хүнийг ийшнь татдаг байна. Мэдээж номын сангийн бүх үйлчилгээ бусдын адил үнэ төлбөргүй. “Америкт сонин, сэтгүүлийн хэрэглээ буурч байна. Харин цахим хэрэглээ өсөх болсон. Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төхөөрөмж манайд их бий. Манай номын сан Миссури мужийн 800 000 хүнд үйлчилдэг. Өдөрт 200 хүн элбэг орж гарна. Хаалгаар орж, гарч байгаа хүмүүсийг тусгай камераар хянаж, үйлчлүүлэгчдийнхээ тоог гаргадаг” гэж ажилтнууд нь хэлж байв. Тус номын сан 85 000 номын цуглуулгатай. Нийтдээ 350 ам метр талбайд үйл ажиллагаа явуулдаг. Жилд дунджаар 100 гаруй хөтөлбөр хэрэгжүүлдгийн дотор уншигч, зохиолчдын уулзалт ч багтдаг гэнэ.
“Mid-Continent” номын санд суунгаа дуртай хоолоо хийж иддэг газар байв. Хоолны гал тогоотой номын сангууд Америкт олон, гэхдээ Миссури мужид ганцхан эднийх үйл ажиллагаа явуулдаг юм байна. “Хоол идэх, ном унших хоёр нь амьдралын хамгийн таашаалтай зүйлс. Тиймдээ ч манай хоолны бизнесийг дэмжих хөтөлбөр хүнээр дүүрэн байдаг. Амталгаа хийж хүмүүс цуглуулахаас гадна гэртээ хоол хийдэггүй хүмүүсийг урьдаг. Амьдралын утга учир цалин авч ажил хийхийн төлөө биш, хэн нэгэн хүний амьдралыг өөрчилсөн, нөлөө үзүүлсэн байх нь илүү чухал” хэмээн тус номын сангийн ажилтан онцолсон юм.
Бидний зочилсон хамгийн сүүлчийн газар бол Канзас хотын Жонсон дүүргийн Нийтийн номын сан байлаа. Энэ нь хамгийн ядуу хороололд үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Гэвч тус номын сангийн барилга, тохижилт, үйлчилгээ нь бусад номын сангаасаа дутахгүй тав тухтай, сайхан орчинтой байв. Энд 12-18 насны хүүхдүүдэд зориулсан Макерсспайс (Maker’s Space) буюу үйлдвэрлэгчийн урлан бас бий бөгөөд хүүхдүүд дугуй засах, онгоцны загвар бүтээх, юм оёх, хөгжим тоглох, дуу дуулах зэргээр дуртай зүйлээ хийж байв. Номын сангийн ажилтан нь “Бид ойролцоогоор 20-30 хүүхдийг нэг дор хүлээн авдаг. Гэхдээ тооноос чанарт илүүтэй анхаардаг. Аав, ээж нь хүүхдийнхээ хийсэн зүйлийг ирж хараад маш их баярладаг юм. Дуу бичлэгийн студитэй номын сан энэ мужид өөр байхгүй. Өнгөрсөн зун манай хөтөлбөрт хамрагдсан 13 хүүхдэд тус бүрднь 150 долларын тэтгэлэг олгосон. Тэдний хоёр нь инженер мэргэжил эзэмшихээр сурч, нэг нь гэртээ дуу бичлэгийн студитэй болсон” хэмээн ярьсан юм.
Ийнхүү АНУ-ын Вашингтон, Тулса, Канзас хотын номын сангуудаар 11 хоног аялснаар хүн бүрийг номтой нөхөрлүүлэхийг хичээж, энэ чиглэлийн ажил олноор зохиодгийг харж, мэдэрлээ. Орсон номын сан бүр өөр өөрийн түүхтэй, онцлог ажил үйлстэй, тав тухтай, тайван орчныг бүрдүүлжээ. Зөвхөн ном өрөөд орхих биш, тухайн орон нутгийнхаа онцлог, газар зүйн байрлал, хүн ардын түүх, соёлыг харуулсан үзмэр, дурсгалт зүйлсийг дэлгэн харуулсан нь нэг талдаа музейтэй адил санагдаж байв.
Б.БАТХҮҮ
Увс аймгийн Нийтийн номын сангийн захирал