Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний гурван сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа.
Гуравдугаар сарын эцсийн байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 29.1 их наяд төгрөг байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.4 хувь буюу 5.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ. Үүнд иргэдийн зээлийн үлдэгдэл 36.9 хувиар өсөж 4.6, хувийн байгууллагынх 10.7 хувиар нэмэгдэж 1.1 их наяд төгрөгт хүрсэн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал, зээлийн өрийн үлдэгдлийн 58.9 хувь нь иргэдийнх, 36.6 хувь нь хувийн байгууллагынх, 0.6 хувь нь төрийн байгууллагынх, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад аж ахуйн нэгжийнх гэнэ.
Чанарын ангиллаар нь авч үзвэл хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 25.8 их наяд төгрөг болж өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 31.6 хувиар өсжээ. Харин анхаарал хандуулах зээлийнх 1.3 их наядад хүрч ес, чанаргүй ангиллынх 2.1 их наяд төгрөг болж 7.5 хувиар буурчээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны I улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг болж жилийн өмнөх үзүүлэлтээс 859 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ өсөлтөд боловсруулах салбарын үйлдвэрлэл 9.9, уул уурхай, олборлолтынх 14.5 хувиар нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлсэн аж.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд өмнөх жилийнхээс 57.2 хувиар их буюу 34.6 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүнээс 1.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь 2023 оныхоос 41.7 хувиар өссөн дүн юм байна. Нийт орлогын 55.4 хувийг авто, 21.9 хувийг төмөр зам, 9.8 хувийг агаарын тээврээс бүрдүүлжээ.
Гуравдугаар сарын 31-ний байдлаар малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 6.3 саяд хүрч, өнгөрсөн оныхоос 6.6 дахин нэмэгджээ. Үүний 3.3 сая нь хонь, 2.1 сая нь ямаа, 559 мянга нь үхэр, 333.5 мянга нь адуу, 3100 нь тэмээ байжээ. Сүхбаатар аймагт 1.6 сая, Хэнтийд 847.7, Архангайд 674.3, Төвд 553.7, Дорноговьд 511.8 мянган мал үхсэн нь нийт хорогдлын 68.7 хувийг эзэлсэн байна.